Хятадын тал тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамрагдахыг ШААРДЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар уртын тээвэрт өдөрт 7000, богинын тээвэрт 4700 орчим  нүүрс тээврийн машин хөдөлгөөнд оролцож, цар тахлын эсрэг халдвар, хамгааллын дүрэм журмыг сахин зогсолтгүй ажиллаж байна.

УОК-ийн даргын 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, Тээврийн жолооч нарын халдваргүйжүүлэлт, хамгааллыг чангатгаж, нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна.

БНХАУ-ын тал нүүрс тээврийн жолооч нарыг хил нэвтрэх үед ковид-19-ийн шинжилгээнд хамрагдсан байхыг шаардсан. Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан  ЗТХЯ, ЭМЯ, МХЕГ, “Эрдэнэс Монгол” ХХК, ХӨСҮТ, АМГТГ-ын албаны хүмүүс нүүрс тээврийн уурхайнуудын ариутгал халдваргүйжүүлэлт, жолооч нарын аюулгүй байдалд цагдаа, дотоодын цэргийн 50 алба хаагчийн дэмжлэгтэйгээр хяналт тавин ажиллаж байна. Эхний ээлжинд нүүрс тээврийн 850 гаруй жолооч, албан хаагчдыг “COVID-19” халдварын шинжилгээнд хамруулан хилээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Цаашид 5000 орчим хүнийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж буй бөгөөд жолооч нарыг Ганц модны боомтод хоноглохгүй, өдөртөө буцаж гарах зохицуулалтыг хийжээ.

Дашрамд дурдахад, 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 211 нүүрсний машин, зэсийн баяжмал ачсан 95 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол Шивээхүрэн боомтоор 216 нүүрс тээврийн машин гарлаа гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.

 

 

Top