Хотоос гарах иргэдийн шинжилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Хотод гацсан иргэдийг хөдөө буцаахад шаардлагатай арга хэмжээний талаарх журмыг УОК батлаад байна. Энэхүү журмын хүрээнд эрүүл мэндийн асуудлаар ямар зохицуулалт хийж байгааг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал танилцууллаа. 

Тэрбээр "Орон нутаг явахаар бүртгүүлсэн иргэд www.119.mn цахим хаягт хандаж шинжилгээ өгөхдөө оршин сууж байгаа дүүрэг, хорооны дугаараа оруулахад шинжилгээ авах 20 байршлын хаяг гарч ирнэ Үүнээс хамгийн ойр байрлах газар, цагийг танд санал болгосны дагуу сонгоод цагаа авна. Дараа нь тухайн цагтаа очиж шинжилгээгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээний аргаар авахаар төлөвлөсөн бөгөөд шинжилгээний хариу 6-8 цагийн дараа 119.mn цахим хаяг нийтлэгдэнэ. Хотоос буцах 85000 иргэний шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон. 

Хотоос гарах иргэд явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээ өгөх шаардлагатай. Үүнээс удвал шинжилгээ хүчингүй болно. Хариугаа авмагц хотоос гарахад нэг хоног зарцуулахад хангалттай гэж тооцож байгаа. Хариугаа QR кодтойгоо аваад яваад тухайн очих орон нутгийнхаа хяналтад үзүүлнэ" гэв. 

Хотоос гарахаар бүртгүүлсэн иргэдийн хувьд, голомтод халдвар гарсан Улаанбаатар хотоос халдвар гараагүй аймаг, сумдаа очиж байгаа. Тиймээс гэр бүлдээ, нутаг орондоо халдвар тараахгүйгээр сэрэмжлэхийг маш өндөр ухамсарлах ёстойг онцолж байлаа. Тийм учраас 14 хоног өөрийгөө тусгаарлах, маскаа зүүх, гараа ариутгах шаардлагатай. Мөн 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгөх бөгөөд хэрэв 14 хоногоос өмнө ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой юм. 

Тээврийн хэрэгслүүдэд мөн өндөр шаардлага тавьж байгаа. Үүнээс гадна иргэд нийтийн тээврийн хэрэгслээр, хувийн унаагаар явсан ч халдвар хамгааллын дэглэмээ барих ёстой. Амны хаалтаа авахгүй, хоорондоо ярихгүй, хүрэлцэхгүй байх, гараа тогтмол ариутгах шаардлагатай. 

Top