Я.Амаржаргал: Хотод гацсан иргэдээ буцаахад 300 гаруй сая төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Хотод гацсан, орон нутагт буцах шаардлагатай нийт 85000 иргэн бүртгүүлээд байгаа. Эдгээр иргэдийг ирэх 12 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд үе шаттай гаргахаар болсон.

Тухайн иргэдэд хамгийн найдвартай шинжилгээ болох PCR шинжилгээг хийхээр болсон. Уг шинжилгээний тус бүрийн өртөг нь 150 мянган төгрөг байдаг боловч УОК-ийн зүгээс орон нутагт буцах иргэдийг үнэ төлбөргүй уг шинжилгээнд хамруулахаар болсон байна. 

Мөн шинжилгээний өртөгөөс гадна нэг удаагийн хувцас, хэрэглэл, халдвар хамгааллын дэглэм сахиулахад 300 орчим сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудаас зарцуулах болсон талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө. 

Хотоос гарахаар бүртгүүлсэн иргэдийн хувьд, голомтод халдвар гарсан Улаанбаатар хотоос халдвар гараагүй аймаг, сумдаа очиж байгаа. Тиймээс гэр бүлдээ, нутаг орондоо халдвар тараахгүйгээр сэрэмжлэхийг маш өндөр ухамсарлах ёстойг онцолж байлаа. Тийм учраас 14 хоног өөрийгөө тусгаарлах, маскаа зүүх, гараа ариутгах шаардлагатай. Мөн 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгөх бөгөөд хэрэв 14 хоногоос өмнө ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой юм. 

Тээврийн хэрэгслүүдэд мөн өндөр шаардлага тавьж байгаа. Үүнээс гадна иргэд нийтийн тээврийн хэрэгслээр, хувийн унаагаар явсан ч халдвар хамгааллын дэглэмээ барих ёстой. Амны хаалтаа авахгүй, хоорондоо ярихгүй, хүрэлцэхгүй байх, гараа тогтмол ариутгах шаардлагатай. 

Top