Дарханд халдварын тоо 11-ээр нэмэгдэж, нийт 33 боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал аймгийн хэмжээн дэх коронавирусний сүүлийн 24 цагийн байдлаарх шинжилгээний дүнгээр мэдээлэл хийлээ.

(2020.11.27, 11.00 цаг)

Тэрбээр "Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн гурав хоногийн хугацаанд "Нэг иргэн, нэг өрх" хүрээнд шинжилгээ авч, өчигдөр дүнгээ нэгтгэлээ. Шинжилгээнд 19237 өрх хамрагдсан байна. Уг шинжилгээний дүн түрүүчээсээ гарч эхэлсэн ба өчигдөр өглөөний байдлаар хоёр хүний шинжилгээний хариу эерэг гараад байсан юм. Эдгээр хоёр иргэний батлагдсан тохиолдол өмнөх 20 тохиолдолтой холбоотой хавьтал байсан. Тиймээс тухайн хоёр иргэний ойрын буюу нэгдүгээр хавьтал болох 26 иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авлаа. Өнгөрсөн шөнө шинжилгээний хариу гарлаа. Тодруулбал, нэгдүгээр хавьтал болох эдгээр 26 хүний долоод нь коронавирус илэрлээ. Гэр бүлийн гишүүд нь гэсэн үг.

Мөн өмнө нь тусгаарлагдсан байсан төмөр замын ажилчдын ар гэрийн дөрвөн иргэнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. 

Ингээд өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт 11 тохиолдол нэмэгдэж, нийт халдвартай хүний тоо 33 боллоо" гэв. 

 

Top