Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс 11:00 цагийн мэдээллээ хийлээ. (2020.11.27)
ХӨСҮТ-ийн тархвар судлаачийн өгсөн мэдээлэлд анхаарал хандуулъя.
Тархвар судлаач Э.Тэмүүлэн "Коронавирусний халдварын тархвар зүйн муруйг өдөр тутам, цаг тутам шинэчлэн ажиллаж байгаа. Тархвар зүйн муруйд тулгуурлаж хаана, хэзээ хүний нөөц хэрэгтэй байгааг урьдчилан тооцон ажиллаж байна" гэлээ.
Тэрбээр цааш нь "Арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш төмөр зам дагасан аймгуудаар голомтлон гарч байгааг тархвар зүйн муруй харуулж байна. Сэлэнгэ аймагт энэ сарын 12-нд тохиолдол батлагдсанаас хойш 22-ны өдөр хамгийн олон тохиолдол батлагдаад байна. Ер нь улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харж байхад ямар ч арга хэмжээ амьдрал дээр 100 хувь үр дүнтэй байна гэж байдаггүй. Иргэдийн ухамсар, хариуцлага их чухал нөлөөтэй.
Манай улсын халдвар авсан иргэдэд хийсэн судалгаагаар халдварын нууц үе 5-7 хоног байна. Улс орнуудын жишээг харахад 95-97 хувь нь 2-14 хоногийн нууц үетэй байгаа. Монгол Улсад халдвар илэрсэн цаг хугацаагаар тархвар зүйн үүднээс авч үзэхэд одоо дөнгөж нэг нууц үе дуусаж байна. Ойрын хавьтлуудын дам хавьтагчдын халдвар илрэх болоогүй байна. Халдвар дотоодод алдсан нь батлагдсан өдрийн маргаашнаас эхлэн Засгийн газар хөл хорио тогтоох арга хэмжээ авсан. Халдвар авсан хүмүүсийн хавьтагчдаас маш хурдан шинжилгээ авсан учраас шинж тэмдэггүй байсан хүмүүсийг илрүүлсэн. Гэхдээ хөл хорионы үр дүн илрэх болоогүй байна, цаг хугацааны хувьд" гэлээ.