АРХАНГАЙ I Халдвар илэрсэн аав, хүү хоёрын хавьтлыг тодорхойлж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусын батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай бид мэдээлсэн.

Тухайн иргэний PCR шинжилгээ эерэг гарч, халдвар авсан нь баталгаажсан, түүгээр зогсохгүй нь хүү нь халдвар авсан нь тогтоогдсон тул Архангай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийгээд байна.  Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох 3 иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоосон. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа. Иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй.

Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр батлагдсан иргэн хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотод очсон. Ирэхдээ хувийн автомашиндаа дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн байна. Хүнс тээвэрлэсэн автомашиныг шууд нэвтрүүлэх журам хөл хорионы үеэр үйлчилж байгаа учраас иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой хандаж, дэглэмээ сайн барих нь чухал байна.

Архангай аймгийн Онцгой комисс тус аймагт коронавирусний хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор дараах албан ёсны мэдээллийг өгөөд байна. 
 

  • 2020.11.28-нд Батцэнгэл суманд Ковид-19 вирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ.
     
  • Нэг хот айлын 9 иргэнээс шинжилгээ авснаас аав, хүү 2-ын хариу 18:00 цагт эерэг гарлаа.
     
  • Батлагдсан хоёр тохиолдолд ямар нэгэн зовиур илрээгүй, биеийн байдал сайн байна.
     
  • Тухайн иргэн мал малладаг ба хөл хорио тогтоохоос өмнө хот орсон байв.
     
  • Энэ сарын 15-ны өдөр өөрийн хувийн унаанд дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн.
     
  • Өчигдөр (11.27) ХӨСҮТ-ээс ирсэн батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээллийн дагуу шуурхай бүлэг гарган ажилласан.
     
  • Тандалт судалгааны баг нэгдүгээр хавьтлын 52 иргэнийг олж тусгаарласан.
     
  • Хоёрдугаар хавьтлын 102 иргэнийг тогтоож, гэрийн хорионд оруулсан.
     
  • Ихтамир сумын 3 иргэн батлагдсан тохиолдлын гэрээс идэш авах зорилгоор ирээд буцсан.
     
  • Батцэнгэл, Ихтамир сумд хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийсэн.
     
  • Дээрх хоёр сумдад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил бүрэн хийгдсэн.
     
  • Нийт тохиолдлын 80 хувь Батцэнгэл суманд тогтоогдсон тул PCR шинжилгээний лабораторийг тус суманд байрлуулж, бүх тохиолдолд шинжилгээ авч ажиллана.
     
  • Хавьталд тодорхойлсон иргэдийн явсан замын зураглал гарган, ажиллаж байна.
     
  • Зураглалд бусад сумдаар зорчсон тэмдэглэл гарсан даруйд хариу арга хэмжээ авч ажиллана.
     
  • Тэг зогсолт хийсэн 2 сумаар дамжин өнгөрөх тусгай зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Зогсохыг хориглоно.
     
  • Орон нутгийн иргэдээ татан авах ажиллагаа тодорхой шийдвэргүй байна.
     
  • Орон нутгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байна.
Top