Хөл хориог сунгах эсэхийг ӨНӨӨДӨР шийднэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Улсын Онцгой комисс (УОК) өнөөдөр (2020.11.29) хуралдаж, хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэх ба гаргасан шийдвэрээ Засгийн газарт танилцуулна. УОК-оос гаргасан саналыг Засгийн газар баталгаажуулан эцсийн шийдвэр гарган, албан ёсоор олон нийтэд танилцуулах юм. 

УОК-ын хурал 11:00 цагт товлогдсон бол Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт эхлэх аж. 

Эрүүл мэндийн яамнаас  УОК-т хөл хориог 14 хоног сунгах санал хүргүүлсэн бол Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар 20 төрлийн үйлчилгээний газрыг нээх саналаа хүргүүлээд байгаа билээ. Хөл хорио үргэлжлэх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй тул Сангийн яам хориог сулруулах саналтай байгааг зарим хэвлэлээр мэдээлж байна. 

Хөл хориог 14 хоног сунгах санал хүргүүлсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “14 хоногийн хөл хориог сунгах үгүйг УОК шийднэ. Халдварын нөхцөх байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног. Энэ хугацаанд хавьтлыг олж илрүүлж байгаа. Энэ хугацаанд халдвар гинжин хэлхээгээр үргэлжилж байдаг. Анх халдвар илэрснээс хойш дөнгөж нэг нууц үеийн хугацаа дуусаж байна. Гэтэл түүний араас халдвар нэмж илэрсээр байгаа. Нууц үеэс гадна ажиглалтын 14 хоногийн хугацаанд хариу арга хэмжээгээ аль болох сулруулахгүй байх хэрэгтэй. Ийм учраас эмнэлгийн байгууллагын зүгээс нууц үеийн хугацаа, түүнээс хойших хяналтын 14 хоногоо тооцож саналаа өгнө. Өмнө нь санал өгсөн байгаа. Өнөөдөр дахин эрсдлийн үнэлгээ хийнэ. Орон нутагт бүртгэгдэж байгаа халдваруудад мөн дахин үнэлгээ хийнэ. Эхэлж авсан арга хэмжээгээ сулруулахгүй байж, халдварыг хумих нь чухал байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм. 

Засгийн газраас өмнө нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ. 

 

Top