Эрүүл мэндийн яамнаас коронувирусний тархалт, илрүүлэлт, шинжилгээний талаарх ээлжит мэдээллээ өглөө. (2020.11.29-ний 11.00 цаг)
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өчигдөр (2020.11.28) нийт 9513 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнд халдвар илэрлээ. Үүний нэг нь ТИР машины жолооч байсан. Тэрбээр арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн. Давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Улаанбаатарт таван тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүний нэг нь халдварын ойрын голомт, харин дөрөв нь гэр бүлийн гишүүд бөгөөд бүгд тусгаарлалтад байсан. Ингээд Улаанбаатарт нийт 75 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ аймагт өчигдөр долоон тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ нь гурван гэр бүлийн ойрын хавьтал байсан. Сэлэнгэд нийт халдварын тоо 174 боллоо. Дарханд өчигдөр есөн тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт тоо 44 боллоо. Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй.
Улаанбаатарт бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал Архангай аймгийн Батцэнгэл сум руу явсныг илрүүлсэн. Халдварын голомтоор өвчилсөн байх магадлалтай гэж үзээд Батцэнгэл суманд ажиллаж, хоёр тохиолдол илрүүлсэн. Түргэвчилсэн оношлуур эерэг гарсан учраас PCR шинжилгээ аваад, наашаа явуулахад онош батлагдсан. Эдгээр хүмүүсийн ойрын 50, хоёр дахь хавьтал болон 100 гаруй, нийт 200 орчим хүнийг тусгаарлаад байна. Үүнээс улбаалж Батцэнгэл суманд хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Ихтамир сумааас хоёр гурван хүн Батцэнгэл суманд очсон байсан тул тэднийг болон ойрын хавьтлыг нь тусгаарласан.
Одоогоор Монгол Улсад кластер голомтоор бүртгэгдсэн 341, зөөвөрлөгдөн орж ирсэн 383 халдварын тохиолдол байна. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 784 боллоо.
2020.11.29-ний 11.00 цагийн байдлаар 24 тохиолдол нэмж бүртгэгдлээ
ДОТООД ДАХЬ ХАЛДВАРЫН ТОО - 341 (2020.11.29-ний байдлаар)
УЛААНБААТАР ХОТ - 75 (Дүүргээр ангилбал)
ВИДЕО ҮЗЭХ