Хөл хориог 2020.12.11-нийг хүртэл сунгаж, зарим хэсэгт сулрууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Олон цаг зөвлөлдсөний эцэст халдвар илрээгүй орон нутгийн хөл хорионы дэглэмийг сулруулж, халдвар бүртгэгдсэн аймаг, сумдын хөл хориог цааш дахин 10 хоног сунгахаар болжээ. 

Тодруулбал, нийслэл Улаанбаатар болон халдвар илэрсэн Сэлэнгэ, Архангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020.12.11-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг мөрдөхийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. 

Халдвар бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй бусад аймгуудын тухайд өмнө нь тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг 2020.12.01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, 2020.11.11-нээс өмнө мөрдөж байсан Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болжээ. 

Хөл хориог үргэлжлүүлсэн ч үйлдвэрлэлийн гэх мэт зарим нэн шаардлагатай салбаруудаа нээх чиглэлтэй байгаа юм байна. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ. 


Хэдий батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тусгаарлаж, тусгаарласан хавьтагчдаас шинэ тохиолдлууд илэрч байгаа ч халдвар нийт хүн амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэсэн Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгээс гаргасан байна. 

Сануулахад, Засгийн газар, Улсын Онцгой комиссын 2020.11.11 өдрийн шийдвэрээр Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, тогтоол гаргасан.

Улмаар 2020.11.15-нд энэ тогтоолыг дахин шинэчилж, Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 14 хоногоор буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ.

Top