Үсчин, цайны газар, баар, рестораныг НЭЭХГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл дахин 10 хоног сунгах шийдвэр гаргалаа.

Цар тахлын эрсдэл өндөр байгаа энэ үед экспортын гол бүс нутагтаа эрүүл эрсдэлгүй бүс байгуулах  чиглэл барьж байгаа. Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гурвантэс, Ханбогд суман дахь  жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажиллагааг  хийж байгаа гэв.

Хөл хориог 10 хоног сунгахдаа зарим газруудыг халдвар хамгааллын дэглэм сайн мөрдөж, ажиллахыг Засгийн газраас зөвшөөрлөө.

Иргэдийн хувьд үсчин, цайны газар зэрэг худалдаа, үйлчилгээний газруудыг ажиллуулах уу гэсэн асуулт тавьж байгаа. Тэгвэл онлайн худалдаа, хүнсний худалдаа, эм эмийн бүтээгдэхүүний худалдаанаас бусад худалдаа, үйлчилгээг нээхгүй гэж Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд
 

  1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа 
  2. Хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  4. Хот суурины усан хангамж, ариутгал, татуурга ашиглалт
  5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа
  6. Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага
  9. Малын өвс тэжээлийн үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт
  10. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  11. Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэр
  12. Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэрлэл
  13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
  14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
  15. Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага
  16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  17. Шүүх, прокурор, өмгөөлөл наториат,
  18. Оршуулгын үйлчилгээ
Top