Оффистоо 14 хоногт тутам мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэх хэрэгтэй

2020 оны 11 сарын 30

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн \2020.11.30\ мэдээллийн үеэр үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл зарим албан байгууллагуудын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан дараах зөвлөгөөг өглөө.


Өчигдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, нийслэл хот, Архангай, Сэлэнгэ аймагт хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх, бусад аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлүүлэх шийдвэр гаргасан. Энэ байдалтай холбогдуулан аймаг, орон нутагт олон албан газар ажиллах шаардлагатай болно. Тэгэхээр ажлын байранд тавигдах эрүүл ахуй, халдвар судлалын дэглэм, ажлынхаа байранд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг тухайн байгууллага, ажиллаж байгаа албан хаагчид зайлшгүй биелүүлэх хэрэгтэй.

Нэгдүгээрт албан хаагч бүр амны хаалттай ажилдаа ирнэ. Ажилдаа ирэх үед нь зайлшгүй халууныг хэмжиж оруулна. Мөн албан хаагчид уулзалтуулдыг аль болох биечлэн хийхгүй байх, цахимаар болон утсаар хүнийг хүлээж авах байдлыг зайлшгүй хангах хэрэгтэй. Ер нь албан бичиг, өргөдөл, гомдлыг биечлэн биш утас, цахимаар хийх хэрэгтэй. Энэ нь гаднаас тухайн албан газарт халдвар тараахгүй байх үр дүнтэй арга.

Албан байгууллагын хүмүүс ажил эхлэхээс өмнө 15-20 минут өрөө тасалгааныхаа цонхыг онгойлгож агаарын сэлгэлт хийх шаардлагатай.

Хоёрдугаарт өөрийн хэрэглэж байгаа шинээ, сандал, эд зүйлсийг савантай бүлээн ус, белизнагийн уусмалаар арчиж, цэвэрлэнэ. Комьпютер, маус зэрэг амархан гэмтдэг тоног төхөөрөмжийг спиртэн суурьтай халдваргүйжүүлэгчээр цэвэрлэх ёстой.

Мөн хана, шал, хатуу гадарга зэргийг белизнагийн уусмалаар арчиж цэвэрлэнэ. Мөн аль болох хоорондоо гар барихгүй, алсын зайнаас харьцах, хаалга, бариул зэрэг хүний гар их хүрдэг газарт гараараас хүрэхгүй, тохойгоороо онгойлгож, хаах, 00-ын өрөөний ариун цэврийг сайжруулж, 00-ын өрөөг цаг тутам цэвэрлэж, халдваргүйтгэх арга хэмжээ авна.

Албан байгууллагууд ажил эхэлсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагаар 14 хоногт нэг удаа ариутгалыг зайлшгүй хийлгэх хэрэгтэй болно. Энэ мэтчилэн албан байгууллага, албан хаагчид өөрсдөө халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг та бүхэнд зөвлөж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 
Top