Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил цаг үеийн асуудлаар өнөөдөр \2020.11.30\ ээлжит мэдээллийг өглөө.
Тэрбээр мэдээллийн эхэнд "Та бүхэндээ бас нэгэн тодруулга хийх шаардлага үүсээд байна. Учир нь цахим орчноор Дарханд байгаа иргэдээ Сэлэнгэ аймаг авахгүй байна гэсэн мэдээлэл яваад байгаа бололтой байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос халдварын голомттой 6 аймгийг нэрлэсэн байгааг та бүхэн бүгд хэвлэлээр сонссон байх. Эдгээр 6 аймагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хоёулаа орсон байгаа. Тиймээс ч эдгээр аймгуудад 12 сарын 07-ныг хүртэл гадагш гаргах, гаднаас оруулах иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон шийдвэр хэвээр үргэлжилж байна.
Аймгуудын Онцгой комиссууд бол Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг өөрийнхөө харъяалсан орон нутагтаа ягштал мөрдүүлэх үүрэгтэй. Тэрнээс биш аль нэгэн аймаг нь дангаараа шийдвэр гаргаад бусад аймгуудынхаа иргэдийн эрх ашиг, УОК-ийн шийдвэрийг зөрчөөд байх хууль эрх зүйн орчин ч байхгүй, төрт ёсны зарчимдаа нийцэхгүй. Сэлэнгэ аймаг бол УОК-ийн шийдвэрийг л аймгийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ бол бидний үүрэг.
Дарханд байдал ямар байгаа билээ, та бид хэвлэлээр олж авсан мэдээллээр бол бүгд л мэдэж байгаа. Дарханд хөл хорионд байгаа 5, 10 иргэдийн эрх ашиг чухал уу одоогоор тохиолдол бүртгэгдээгүй тайван байгаа сумдын 5000, 10.0 мянган иргэдийн эрх ашиг чухал уу гэдгийг дор бүрнээ бодох ёстой. Дарханд байгаа иргэдийн тухайд Сэлэнгэ аймаг авахгүй гэж яриа манай баг хамт олны зүгээс бол гараагүй гэдгийг би АОК-ийнхоо өмнөөс албан ёсоор хэлье. Хаанаас ийм яриа гараад байгааг хэлж мэдэхгүй байна.
Харин Дарханд байгаа иргэд урьдчилсан болон PCR-ийн шинжилгээндээ хамрагдаж, УОК-ийн шийдвэрээр хэзээ манай аймагт иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн шийдвэр гарна, тэр үед л бид аймагтаа хүлээн авах боломжтойг ойлгох ёстой болов уу." гэв.
Сэлэнгэ аймагт 2158 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна
Тэрбээр үргэлжлүүлэн "Та бүхэн сая 11.00 цагийн УОК, ХӨСҮТөвийн мэдээллээ сонссон байх. 2020 оны 11 сарын 30-ны байдлаар Сэлэнгэ аймагт шинээр 5 тохиолдол нэмэгдэж нийт 179 иргэн эмчилгээндээ хамрагдаж байна. Энэ сүүлийн 5 тохиолдол мөн л өмнө нь бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтал байна. Нийт батлагдсан 179 тохиолдлын 41 иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр, 138 иргэнийг ойрын хавьтлаас тандалт судалгаа, шинжилгээгээр илрүүлсэн. Ойрын 1296, дам 862 хавьтал, нийт 2158 хавьтлыг тогтоосон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
Бид аймгийнхаа тэр дундаа өвчлөл бүртгэгдсэн 3 сумынхаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээндээ хамруулах ажлаа одоо ч үргэлжлүүлэн хийж байна. Өнөөдрийн байдлаар Мандал суманд 9693 гаруй иргэдийг, Сүхбаатар суманд давхардсан тоогоор 21341 мянган иргэдэд, Алтанбулаг суманд 2256 мянган иргэнээ түргэвчилсэн шинжилгээнд хамруулаад байна. Бусад сумдад 3152 иргэнээс түүврийн аргаар авч шинжилгээнд хамруулаад байна.
Өвчлөлд өртсөн иргэдтэйгээ бидний зүгээс байнга холбоотой байж, эмчилгээ, үйлчилгээ, бидэнд хандаж хэлэх санал, хүсэлтийг сонсч аймгийнхаа боломжийн хүрээнд шийдвэрлээд явж байгаа.Өчигдөр буюу 11 сарын 29-нд Монгол Улсын Засгийн газар, УОК хуралдаж хатуу хөл хорионы дэглэмийг 3 газарт хэвээр үлдээсний нэг нь манай аймаг. Тиймээс иргэддээ хэлэхэд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мөрдөгдөж байсан хөл хөдөлгөөний хязгаарлалт хэвээр үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй.Би мэдээлэлдээ нэг зүйлийг байнга хэлж байгаа, Сэлэнгэ аймаг бол онцгой нөхцөлд ажиллаж байгаа, манай аймагт байдал амаргүй байгаа.Монгол Улсаа онцын шаардлагатай импортын хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасалдуулахгүйн тулд манай аймагт одоо ч Төмөр замын боомт ажиллаж байна.Хойд хөршид байдал ямар байгааг иргэд маань ч ойлгож байгаа байх.
Төмөр замын ажилчид маань ч гэсэн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Энэ онцгой бүсдээ бид байнга анхаарч ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухай бүрт нь хурдан шуурхай хийж байгаа. Мөн онцлож хэлэх бас нэгэн мэдээлэл бол 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргад нэр дэвшиж, Авлигатай тэмцэх газрын албан ёсны хариу бичиг нь ирсэн нэр дэвшигчид өнөөдөр сумын Засаг даргаар томилогдоод байна.
Бид сумдын онцгой комисстойгоо цахимаар холбогдож тодорхой чиглэлүүдээр үүрэг чиглэлийг өгч байна. Тухайлбал, өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч иргэдийн түлээ, түлшний асуудлууд тулгарч байна. өөрсдийнхөө боломж бололцооны хүрээнд хөл хорионы дэглэмтэй байгаа энэ үед хэн нэгэнд илүү боломж, давуу тал үүсгэхгүйгээр асуудлыг хурдан шуурхай шийдээд явах, иргэдийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр тасалдуулахгүй байхад анхаарахыг үүрэг болгосон байгаа шүү." гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн гэхээр сахлаа будав гэгч болж дээ . Азжаргал дарга.
SONSSON YUMAA TSEEJNII PANGAARAA , UDUUN KHATGAKH , TURKHIRSAN BAYDLAAR TARAAJ BAYDAG KHIIKH YUMGUY LALARUUD OLON BAYNAA