Улсын Онцгой комиссоос 0-12 насны хүүхдүүдийг эцэг, эхийн шинжилгээний хариунд үндэслэн орон нутагт зорчуулах болсон тул хүүхдийг заавал шинжилгээний төвд авч очих шаардлагагүй болсныг мэдэгдлээ.
Энэ тухай Улсын Онцгой комиссоос иргэдийн гар утсанд мессежээр мэдээлж эхлээд байна.
Улаанбаатарт болон орон нутагт саатсан иргэд хот хооронд зорчихын тулд заавал коронавирусний шинжилгээ өгч байгаа бөгөөд энэ нь бага насны хүүхдийг шинжилгээний төвд заавал дагуулж очих эрсдэл, төвөг учруулж байгаа тул Онцгой комисс ийм шийдвэр гаргажээ.
Сануулахад, хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр (2020.12.01) 08:00 цагаас эхэлсэн ба 12:00 цагийн байдлаар долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байна.
Өчигдөр буюу 2020.11.30-ны өдөр 21 цэгт нийт 10222 хүн шинжилгээ өгч, ингэснээр хоёр өдрийн хугацаанд орон нутагт зорчих хүсэлт гаргасан 20500 хүн шинжилгээнд хамрагдаад байна.
Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа. Нийтийн тээврээр зорчих хүсэлт гаргасан 5200 иргэн байгаа бөгөөд тэднийг 14 аймгийн чиглэлд 130 автобусаар тээвэрлэх ажээ.
Орон нутгийг зорих иргэдэд хэрэгтэй НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ