Хөл хорио сунгасан хугацаанд СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХГҮЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүрэг чиглэл өглөө. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон байгаа. Харин 2020.11.29-нд болсон Засгийн газрын хуралдаанаас 17-оос доош градустай согтууруулах ундааг Улаанбаатарт худалдаалах асуудлыг хэлэлцээд, эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазарыг гаргана хэмээн нээлттэй үлдээсэн билээ. 

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын хурлын үеэр энэ тухайд байр сууриа илэрхийлж, “Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” хэмээлээ. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдааны үеэр дарс, шар айраг зэргийг худалдаанд гаргах талаар ярьсан. Зарах тодорхой шийдвэр гарсан мэтээр иргэд буруу ойлгосон байна. Энэ бол хотын шийдэх асуудал. Тодорхой баримт, үндэслэл гаргаж байж шийднэ. Согтууруулах ундаатай холбоотой асуудал дээр нухацтай хандана. Улаанбаатар хотыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлбэл үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх талаар ярилцаж байсан. Гэхдээ Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй бүс хэвээр байгаа учир архи, дарстай холбоотой шийдвэр гаргах нь эрсдэлтэй байна. Иргэд хөл хорионы дэглэмд байгаа гэдгээ ойлгож, ухаарах хэрэгтэй. Эмч, эмнэлэг, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, саналыг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй. Хүн согтууруулах ундааг гэртээ ганцаараа уухгүй. Найз, нөхдөөрөө цуглах байдал гарахыг үгүйсгэхгүй. Дэглэм сахих байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа. Тиймээс хөл хориог сунгасан 10 хоногийн хугацаанд тэвчээртэй байхыг хүсэж байна. Халдварыг хумих нь бидний эхний зорилго. Архи дамлан худалдах зэрэг сөрөг зүйл гарч байгаа. Ийм үзэгдлийг шалгаж, тогтоож байгаа. Харамсаж байна. Цар тахлын ард гарахын төлөө бүгд хичээн ажиллаж байгаа хүнд үед бүгд тэвчээртэй, хүлээцтэй байгаасай гэж хүсэж байна. Ахмадууд, эмэгтэйчүүдээс согтууруулах ундаа зарахгүй байх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж, ярьж, захиж байна. Ямартай ч бүгдээрээ ойрын өдрүүдийн нөхцөл байдлыг харъя. Том зургаа харъя" гэж мэдэгдлээ. 

ВИДЕО ҮЗЭХ
 

 

Top