119.mn сайт СААТСАН тул шинжилгээний хариуг МЕССЕЖЭЭР өгч байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр (2020.12.01) 08:00 цагаас эхэлсэн билээ. 

Хот хоорондын нийтийн тээврээр өнөөдөр 14 чиглэлд 74 автобусаар 2531 иргэн, орон нутгаас нийслэл рүү 7 чиглэлд 14 автобусаар 204 зорчигч зорчжээ. Нийт 88 автобусаар 2735 зорчигч зорчсон байна. 

Улаанбаатараас орон нутгийг зорьсон хувийн 255 тээврийн хэрэгсэлтэй иргэд мөн гарсан байна. 

Нийслэлд шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдаад байгаа ба өнөөдрөөс шинжилгээ авах цэгүүдэд иргэдийн дараалал харьцангуй буурчээ. 

Бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй зэрэг саатлаас шалтгаалан иргэд хотоос гарч чадаагүй, хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй байсан, нийтийн тээврээр зорчигчид цагтаа ирэхгүй байх зэрэг саатлууд гарчээ. 

Бүртгэлийн www.119.mn сайт бүрэн ажиллахгүй байсан тул иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан мессежээр хүргэх, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж, хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмжийн тусламжтайгаар мэдээлэл авч байх зэргээр үүссэн асуудал, бэрхшээлийг зохицуулжээ.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Top