АРХАНГАЙ I Ихтамир сумын гурван иргэний хариу СӨРӨГ гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Архангай аймгийн Онцгой комиссоос өчигдөр (2020.12.01) мэдээлэл хийж, Ихтамир суманд бүртгэгдсэн нэгдүгээр хавьтлын гурван иргэний эхний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан талаар танилцууллаа. 

Одоогоор тус аймагт коронавирусний халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Батцэнгэл сумын нэг гэр бүлийн хүмүүс халдвар авсан нь тогтоогдсон. Ихтамир сумын гурван иргэний тухайд Батцэнгэл суман дахь тухайн айлд идэш авахаар очсон хүмүүс тул нэгдүгээр хавьталд тооцогдон, тусгаарлагдсан юм.


Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа "Арванхоёрдугаар сарын 1-ний 04:00 цагийн байдлаар Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусний халдвар бүртгэгдсэн хоёр иргэний ойрын хавьтлаас дахин нэг тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо гурав боллоо.

Анх халдвар авсан иргэний гэр бүлийн хүн тул шуурхай штаб дуудлага авсан өдрөө тусгаарлалтад авсан байсан.  Шинжилгээний хариу гарсан дариуд мэргэжлийн дөрвөн тархвар судлаач болон мэргэжлийн шуурхай баг, тандалт судалгааны баг голомтод ажиллаж байна. Сүүлд батлагдсан тохиолдол нь давтан шинжилгээгээр илэрсэн ба нэг гэр бүлд байсан иргэдийн шинжилгээг хоёр хоногийн зайтай, бусад ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээг долоо хоног тутам авч байгаа.

Явуулын лабораторид нийслэлээс ирсэн лабораторийн эмч, генетик мэргэжлийн ажилтнууд ажиллаж байна. Өнөөдрөөс нэг тархвар судлаач нэмж ажиллуулахаар боллоо. Аймгийн нэгдсэн эмнэлгээс нэг лаборант, ариутгал халваргүйтлийн нэг мэргэжилтэн, лабораторийн нэг ажилтан тус тус нэмэлтээр ажиллаж байна. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 60 орчим иргэн, дам хавьтлын 400 гаруй иргэнийг тодорхойлж, тусгаарлалтад авсан. Халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 553 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулаад байна.  Аймгийн онцгой комисс голомтыг хяналтдаа бүрэн авсан. Ийм учраас иргэд гэрээсээ гарахгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, мэргэжлийн байгууллагын зөвөлгөөг дагах, амны хаалтыг зөв хэрэглэх, хүн хоорондын зай барих, гэртээ байхдаа агаар сэлгэлт хийж байх, чийгтэй цэвэрлэгээ ойр ойрхон  хийх, дархлаа дэмжих хүнс хэрэглэх, онцын шаардлагагүй бол гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байх зэргийг аймгийн эрүүл мэндийн газар, Онцгой комиссоос уриалж байна" гэлээ.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа манай аймгийн 17 сум, Цэцэрлэг хотод үргэлжилж байна.

Халдвар бүртгэгдсэн Батцэнгэл, Ихтамир сумдын ТЭГ зогсолт мөн арванхоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тухайн хоёр суманд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварыг тархаах эрсдлээс сэргийлэх юм.

Өнөөдрийн байдлаар Батцэнгэл суманд Шуурхай штабын 48 хүний бүрэлдэхүүн, Ихтамирт 10 хүний бүрэлдэхүүн нэмэлтээр ажиллаж байна. Ихтамир суманд бүртгэгдсэн нэгдүгээр хавьтлын гурван иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Иймээс нөхцөл байдлыг харж байгаад Ихтамир сумын хувьд ТЭГ зогсолтыг шат дараатай бууруулах тал дээр тухай бүрд шийдэж, ажиллахаар төлөвлөж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм. 

Top