Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.02) болж, дараах шийдвэрийг гаргалаа.
Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөллөө
Гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болов. Иргэд маргаашаас 2021 оны 04 дүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурна гэсэн үг юм. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна.
Халдвар гарсан аймаг, Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгт гурван тэрбум төгрөг зарцуулна
Тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэгт зайлшгүй шаардлагатай гурван тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Халдвар гарсан зургаан аймаг, Улаанбаатар хотын удирдлагуудын ирүүлсэн хүсэлтийг Сангийн яам хянасан байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдвэрлэж эхэлжээ. Улсын хэмжээнд 72 байршилд 2,301 хүнийг тусгаарлаад байна.
Түрээсийн төлбөрөө бууруулсан бол орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөв
2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ, баримтаар нотлогдсон бол бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ногдуулах татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөлөө. Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуй нэгжийн татварын ачаалал буурч, эдийн засаг идэвхжинэ гэж тооцоолж байна.
Бусад шийдвэр
ШУУД ҮЗЭХ