Д.Нарангэрэл: Коронавирусний вакциныг жил бүр хийх шаардлагатай болж магадгүй

2020 оны 12 сарын 02

ЭМЯ-наас өгч буй коронавируст халдварын нөхцөл байдлын хэвлэлийн хурлын үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. /2020.12.02/


-Халдвар авсан ойрын болон дам хавьтлыг хэдий хугацаанд илрүүлж байгаа вэ. Арваннэгдүгээр сарын 26-нд "Амархуур" хотхоноос халдвар илэрсэн гэж мэдээлж байсан. Үүнээс тав, зургаа хоногийн дараа буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нэгэн байрнаас халдвар илэрсэн байна. Ойрын хавьтлыг илрүүлж байгаа хугацааг хэлж өгнө үү?

А.Амбасэлмаа: -Бид батлагдсан тохиолдол илэрмэгц 24-48 цагийн дотор хавьтлуудыг олж тусгаарлана. Эхлээд хавьтлуудыг олж, тусгаарлах нь хамгийн чухал. Сүүлчийн гарсан тохиолдлууд дээр, түрүүчийн гарсан тохиолдлууд маань ойрын хавьтлаа хэлэхгүй байх, тандалт судалгааны явцад олж авах, тэр хүмүүс нь дам хавьтлуудаа хэлэхгүй байх зэрэг янз бүрийн шалтгаанаас болоод 14, 28 хоног гэдэг нь үргэлжлээд явдаг. Бид бол 24-48 цагийн дотор хүнээ олж авна. Вирус илрүүлэх хугацаа хувь хүний онцлогтой холбоотой. Тухайн хүн халдварт өртсөнөөс хойш вирус илрэх нууц үеийн хугацаа 1-14 хоногийн дотор явагдана. 71 хувь нь 24-48 цаг болоход илэрч, онош нь батлагдаж байна. 26 хувь нь 3-10 дахь хоногтоо вирус нь илэрч байна. Гурван хувь нь 14 хоногийнхоо дотор илэрч байна. Тэгэхээр тухайн хүнийхээ халдарт өртсөн хугацаа, хүний биеийн онцлог зэргээс хамаараад вирус илрэх хугацаа 14 хоногийнхоо дотор явагдана. Ер нь голомтод бүртгэгдсэн тохиолдлын хариу арга хэмжээ бол батлагдсан тохиолдлыг оношилсоноос хойш 14 хоногийн дотор илрүүлэг, хүрээ цомхотгох ажил явагддаг. Дахиад нэг нууц үе буюу 14 хоногийн дотор хяналтын арга хэмжээ явагдана. Тиймээс вирусын халдвар гарсан үед өнөөдөр нь хүнийг илрүүлээд, хавьтлыг олоод дараа дараагийн асуудал нь болчихдог зүйл биш. Амьсгалын замын агаар дуслын халдвар учраас хавьтлуудыг тандан илрүүлэх үйл ажиллагаа бол үргэлжлэн явагддаг учиртай. Кластер өвчлөлийн хувьд хамт байсан хүнийг илрүүлэх, нийт хүн амын дунд халдварыг алдахгүйн төлөө ажиллах нь хамгийн чухал. Тиймээс бид хөнгөн балархай өвчилсөн хүмүүсийг тусгаарлаж, халдвар тараах эрсдэлээс сэргийлж байгаа. Халдвараар өвчилсөн хүмүүс вирусгүй болтлоо халдварыг тараах эрсдэлтэй. 

-Халдвар авсан хүмүүсийн 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж, дархлаа тогтоно гэдгийг эрдэмтэд нотолчихсон юм байна. Тэгэхээр халдвар авсан бүх хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлээд эмчлэх шаардлага ер нь байдаг уу?

Д.Нарангэрэл: -Халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Тэгэхээр бид нэгдүгээрт зөөвөрлөгдсөн тохиолдлууд, хоёрдугаарт алаг цоог бүртгэгдсэн тохиолдлууд, гуравдугаарт кластер буюу багцаар, дөрөвдүгээрт, олон нийтийн дунд өргөн хүрээгээр тархсан гэсэн дөрвөн ангиллаар хариу арга хэмжээнийхээ тактикыг боловсруулж байна. Одоогийн нөхцөлд зарим аймагт алаг цоог, зарим газар кластер бүртгэгдсэн гэсэн хоёр категорид явж байгаа учраас үүндээ тохирсон хариу арга хэмжээг авч байгаа. Энэ үед бүх өвчилсөн хүмүүсээ эмнэлэгт тусгаарлах, хавьтлуудыг тусгаарлах, эмчлэх тактиктай явж байна. Магадгүй цаашаа өөр шатанд шилжвэл бидний авч хэрэгжүүлэх тактик өөр болно.

-Вирусний дархлаа маш богино хугацаатай тогтдог юм байна. Коронавирусний вакцин нь жилийн настай гэж байгаа. Тэгэхээр цаашдаа коронавирустай амьдарна гэвэл жил бүр коронавирусний вакцин хийлгэх шаардлага нөхцөл үүсэж байгаа юу?

-Коронавирус шинэ учраас өвчилсөн хүмүүсийн дархлаа хэчнээн хугацаагаар тогтож байгаа вэ гэсэн судалгааг дэлхийн 20 гаруй оронд хийсэн байна. Хамгийн сүүлчийн судалгаагаар ерөнхийдөө коронавирусээр өвдөөд эдгэсэн хүмүүс зургаан сараас жилийн хугацаанд дархлаа тогтохоор байна гэсэн дүн гарсан. Гэхдээ үүнийгээ нэлээн өргөн хүрээнд үргэлжлүүлэн судалж байгаа. Ер нь вирусний дархлаа тогтох нь харьцангуй богино байдаг. Та бидний мэдэж байгаа томуу жил бүр өөр өөр хүрээгээр гардаг учраас энэ вакциныг жил бүр хийж байгаа. Коронавирусний вакциныг одоогийн урьдчилсан байдлаар бол жил бүр хийх шаардлагатай болж магадгүй гэсэн хандлага байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(59.153.115.70) 2020 оны 12 сарын 03

гаднаас ирсэн төлбөртэй тусгаарлах болохоор 21 хоногт илэрдэг сонин вирус шүү тэр нямхүү үнэн хэлсэн байна вируснууд хоорондоо яриж байгаад төлбөртэй буудалд байгаа юм чинь хэдүүлээ 21 хоног нуугдаад сайхан амраад авья гээд

0  |  0
БИ MONGOL(69.251.251.84) 2020 оны 12 сарын 03

чи одоо болиоч дээ хүмүүсийг ингэж айлгаж хямрааж таашаал авдаг юм уу хаашаа юм улаанбаатарт 5,6 хүн халдвар авах магадлаллтай байна ни юу гэсэн үг юм бол, коронавирусийн вакциныг жил бүр хийлгэж магадгүй ч гэх шиг одоо боли... яах гэсэн бэ нэг их од болох гээд байгаа юмуу али эсвэл нэг их мэдлэгтэй алсын хараатай хүн болох гээд байгаа юмуу тодорхойгүй магадлалгүи зүЙЛИЙГ ЯРИАХаа болиочээ сайд нь яам нь хэлээчээ энэ хүмүүүстэээ

1  |  0
Баатаржав(202.9.40.13) 2020 оны 12 сарын 03

Та хоёр минь. 11 цагийн мэдээгээрээ УБ-с илэрсэн тохиолдлуудаа яг хаанаас вэ гэдгийг нь хэлчихэж бай л даа. тусгаарласан хүмүүсээс үү гадна гудамжнаас уу гэдгийг . Гол юм аа хэлчихгүй юм

1  |  0
Top