Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Тодруулбал, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу дээрх хуулийн хэрэгжилтэд Хүний эрхийн үндэсний комисс өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж ажиллаж байгаа аж.
2020 оны арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлээс гарах, орох авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод буюу СХД-ийн Эмээлт, Баруунтуруун, ХУД-ийн Өлзийт, Налайх, Багахангай дүүрэгт, иргэдээс шинжилгээ авах цэгүүд болох СХД-ийн 8-р хороо, нийслэлийн 67 дугаар сургууль, БГД-ийн 4-р хороо, нийслэлийн 38 дугаар сургууль, БЗД-ийн 16-р хороо, нийслэлийн 44 дүгээр сургууль, ЧД-ийн 4-р хороо, нийслэлийн 5 дугаар сургууль, ХУД-ийн 11-р хороо, нийслэлийн 32 дугаар сургууль зэрэг нийт 20 байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байна. Мониторинг үргэлжилж байгаа аж.
Хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комисс 24 цагийн турш 7000-0222 утсаар хүлээн авч байгаа юм байна.