Дорноговь аймгийн Эрүүл мэндийн Газрын дарга Г.Энхцэцэг тус аймаг дахь коронавируст халдварын талаар дараах мэдээллийг өглөө.
Дорноговь аймагт өнөөдрийн /2020.12.03/ байдлаар коронавируст халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 21 хэвээр байна. Үүнээс Замын-Үүдэд 16, Айраг суманд 5 байна.
Айраг, Замын-Үүд, Сайншанд ковид-19 халдварын онош батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлууд, мөн ард эргэд, эрсдэлт бүлгийн дунд вирусын халдвар тархсан эсэх дээр судалгаа, тандалтын ажлыг үргэлжлүүлэн явж байна. Энэ хугацаанд өссөн дүнгээр ойрын хавьтал 438 хүнийг 100 хувь илрүүлж, шинжилгээнд хамруулсан. Дам хавьтлын 2009 хүнийг илрүүлж 1656 хүн буюу 82,4 хувийг нь үзлэг шинжилгээнд хамруулаад явж байна. Дорноговь аймагт шинээр голомт үүсээгүй.
Аймгийн хэмжээнд хавьтлын шинжилгээнд 2094 хүн, тандалтын шинжилгээнд 12977 хүн нийт 15071 хүнийг өвчин гарснаас хойш тандалт шинжилгээнд хамруулсан. Нийт 23795 шинжилгээг хийгээд байна.
Тандалт, судалгаа шинжилгээнд өрхийн эмнэлгүүд, сумын эмнэлгүүд, Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг гээд бүх л салбараараа оролцож байна. Энэ ажлын хүрээнд 106 хүн, таван автомашин 24 цагаар ажиллаж байна.
Одоогоор халдварын онош батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал болох 19 хүнийг ажиглалт, тусгаарлалтын байранд тусгаарлаад таван эмч хяналт тавин ажиллаж байна. Өчигдөр гурван хүний ажиглалтын хугацаа дуусч, гэрийн ажиглалтад шилжсэн.
Мөн хилийн боомтоор орж ирсэн жолооч болох дөрвөн хүнийг 14 хоногийн ажиглалтад үргэлжлүүлэн хянаж байна. Гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа хүний тоо 1387 болсон. Зарим хүнийн гэрийн хяналтын хугацаа дууссан. Хугацаа нь дууссан хүмүүсийн нэрийг хууль, хяналтын байгууллагад өгсөн. Тэдгээр хүн ажил төрлөө хийгээд явж болохоор байгаа.