Ш.Оргил: Цар тахал дотоодод бүртгэгдэхээс өмнө Сэлэнгэ аймагт тархсан байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Сэлэнгэ аймгийн цаг үеийн мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.


Тэрбээр "Өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо 6-аар нэмэгдэж, 189 болсон байна.
 
Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо яагаад 0 болохгүй байна гэж та бүхэн бодож байгаа байх. Учир нь энэ аюулт цар тахал манай аймагт 11 сарын 11-нээс өмнө аль хэдийн ороод ирчихсэн, тархсан байсан. Харин цахимаар янз бүрээр шүүмжлэгдээд байгаа анхны тохиолдлын иргэн бидэнд энэ өвчний анхны мэдээллийг өгч бид мэдсэн.
 
Нэгэнт нэлээдгүй цар хүрээг хамарсан байсан вирусын эсрэг бидний хамгийн түрүүнд хийх ажил бол энэ эрсдэлтэй сумдынхаа хүн амыг яаралтай хугацаанд түргэвчилсэн шинжилгээнд хамруулж халдвар авсан иргэдээ яаралтай ялган авч дараа, дараагийн шатны эмчилгээ, үйлчилгээнд хамруулах явдал юм гэж бид зорьж ажиллаж байна. Гэвч иргэд маань бас бидний зорьсон хүссэн хэмжээнд шинжилгээндээ хамрагдахгүй байна.
 
Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Сэлэнгэ аймгаас гарч байгаа болон Сэлэнгэ аймаг руу орж байгаа 0-2 насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй. Аймгийн онцгой комиссоос ч ийм шийдвэр гаргаагүй. Харин өвчлөл бүртгэгдсэн аймаг орон нутгаас ирж байгаа 2-оос дээш насны бүх иргэд шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж хэлье. Бид ч мөн өвчлөл бүртгэгдсэн сумдаас гарч байгаа өөр аймаг орон нутгийн хүн нэг бүрийг PCR шинжилгээнд хамруулж баталгаажуулсны үндсэн дээр буцаах ажлыг зохион байгуулж байна" гэлээ.
 
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн нийт 189 тохиолдлыг насны ангиллаар ялгавал:
 
  • 0-9 насны 22
  • 10-19 насны 25
  • 20-29 насны 31
  • 30-39 насны 35
  • 40-49 насны 35
  • 50-59 насны 24
  • 60-аас дээш насны 17 байна.
Өнөөдрийн илэрсэн 6 тохиолдлын 5 нь нэг гэр бүлийн гишүүд буюу өдөр тутам ойрын харьцаанд байсан хүмүүс бөгөөд 1 нь ойрын хавьтлын тусгаарлалтад байсан иргэн байв.
 
Ойрын 1292, дам хавьтлын 862, нийт 2154 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Тусгаарлалтын 19 байранд 298, гэрийн ажиглалтад 148 иргэн байна.
 
Сүхбаатар суманд 18203, бусад сумдад 13149, нийт 31352 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна.
 
Халдварын нууц үеийн хугацаанд батлагдсан тохиолдлын гэр бүлийн гишүүдээс жирэмсэн, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэд эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдож байгаа бол бусад гишүүд 2, 3 дахь давтан шинжилгээгээр батлагдаж байна.
 
12-р сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас нийт 15 сумын 66 тээврийн хэрэгсэлтэй 249 иргэдийг Сэлэнгэ аймагт татан авчээ. Эдгээр шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд очсон орон нутагтаа 14 хоног гэрийн хяналтад байж, өөр газруудаар 14 хоногийг хугацаанд явахгүй байх, гэрийн хяналтын дэглэмээ сайн дагаж мөрдөх, эдгээр иргэдэд тухайн сум, багийн засаг захиргаанаас тавих анхаарал, хяналтаа сайжруулж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил анхааруулж байлаа.
Top