Халдвар илэрсэн автобусны жолооч БАРИАЧИЙН ХАВЬТАЛ байжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

"Автобус 1" ОНӨААТҮГ-ын жолоочоос коронавирусний сэжиг илэрч, PCR шинжилгээгээр баталгаажуулахад халдвар авсан нь нотлогджээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас автобус баазад хөл хорио тогтоон, ажилчдыг шинжилгээнд хамруулахаар шуурхай арга хэмжээ авч эхлээд байна. 

Жолоочийг арваннэгдүгээр сарын 30-нд тусгаарласан ба үүнээс өмнө гурав хоног ажлаа хийж, үйлчилгээнд гарсан гэх мэдээлэл байна. 

Жолооч “Ханын материал- Офицер” чиглэлийн автобус барьдаг байсан.

“Автобус нэг” ОНӨААТҮГ-ын албаны эх сурвалж буюу баазын дарга н.Батбаяр "Жолооч давхар хамгаалалттай бүхээгт сууж ажиллаж байсан. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор  рейс тутамд эцсийн буудал бүрт болон зорчигчдыг орох, гарах үед ариутгал, цэвэрлэгээ хийж байсан. Халдвар, хамгааллын дэглэмээ барьж ажилласан" гэх тайлбарыг Zuv.mn сайтад өгчээ. 

Эх сурвалжийн баталснаар автобусны жолооч нь бариачийн ойрын хавьтал байсан аж. "Рапид мед" эмнэлгийн барилга дотор үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгийн бариач хавьтлаа бүрэн мэдээлээгүйн улмаас жолоочийг цаг алдаж илрүүлсэн байх эрсдэл үүсэж байна. Ингээд бариачаас улбаатай 20 гаруй хавьтал бүртгэгдээд байна.

Халдвар авсан иргэд хавьтлаа нуух, мартах зэрэг байдал удаа дараа ажиглагдаж байгаа нь ийн халдварын тархалтыг хумихад хүндрэл учруулж байна. 

Энд нэг зүйлийг тодотгоход, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 2020.11.27-нд “Сүүлийн үед гарч байгаа тохиолдол бариа засал хийлгэсэнтэй холбоотойгоор нэмэгдэж байна. Ялангуяа, Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах "Рапид мед" хувийн эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийгөө ханиад томуу туслаа гэж бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл гарах вий гэж болгоомжилж байна. Энэ мэдээллийг авсан хүмүүс ханиад томуугийн шинж тэмдэгтэй бол өөртөө хяналт тавиарай" гэж мэдээлж байв. 

Харин "Рапид мед" эмнэлгийн зүгээс "Халдвар илэрсэн гэх бариач арваннэгдүгээр сарын 6-наас хойш ажлын байран дээрээ буюу эмнэлгийн байранд ирээгүй. "Рапид мед" эмнэлгийн эмч, ажилчдаас халдвар илрээгүй, шинжилгээгээр бүгд сөрөг гарсан" гэсэн мэдээлэл өгсөн билээ. 

 

Top