Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Б коронавирусийн халдвартайгаа мэдсэн даруйдаа гэрээсээ оргосон талаар urug.mn сайт мэдээлсэн.
Болсон үйл явдлын талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тодрууллаа.
Бидэнд өгсөн мэдээллээр, зугтахыг завдсан иргэн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг, 50 гаруй насны хүн бөгөөд түүний дүү Н-ээс нь арванхоёрдугаар сарын 1-нд коронавирусний халдвар илэрч, батлагдан эмнэлэгт хүргэгдээд байжээ.
Улмаар дүү Н-ийн ойрын хавьтал болох хоёр хүүхэд, ах иргэн Б нараас шинжилгээ авахад гурван хүний шинжилгээний хариу нь эерэг буюу халдвартай гарсан байна. Хариу гарсны дараа Аймгийн онцгой комиссын зүгээс холбогдон, эмнэлгийн байгууллагад хүргэх тухай мэдэгдээд, тархварын судалгааны хуудсын асуумжийг бөглүүлсэн аж.
Гэтэл иргэн Б энэ хооронд "Хашаандаа нойл орчихоод ирье" гэж гараад зугтсан бөгөөд Аймгийн онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч, цагдаагийн алба хаагчдад мэдэгдсэнээр нэн даруй саатуулсан байна.
Цагдаагийн алба хаагчид тухайн иргэний гэрийг эхний халдвар батлагдсаны дараа албан ёсоор хамгаалалтад авсан байсан ч иргэн Б хашаанаасаа гарч зугтан, гудамжнаасаа баригджээ. Иргэн Б-г тусгай багаж ашиглан саатуулсан бөгөөд барьсныхаа дараа хамгаалах хувцас өмсгөн аюулгүй болгосон аж.
Иргэн Б гэрээсээ холдоогүй саатуулагдсан ч түүний явсан маршрутыг тогтоохоор Аймгийн онцгой комисс тандалт явуулж эхлээд байна.
Иргэн Б (саарал цамцтай) өдөр сумын ЗДТГ-аас хоол хүнс хүргэж өгөхөд гэртээ байжээ
Зугтсан иргэний дүү Н эмнэлэгт хүргэгдээд хоёр хоносон байсан тул түүний хүүхдүүдэд Сүхбаатар сумын ЗДТГ-аас хоол хүнс, нүүрс түлээ хүргэж өгч байсан гэх мэдээллийн Аймгийн Онцгой комиссоос өглөө.