А.Энхжин: Төгрөгийн ханш сулрах дарамт БАГАССАН

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Гадаад валютын ханш оны эхнээс хэрхэн өөрчлөгдсөн байгаа вэ? гэдэгт Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин дараах хариултыг өгч байна.

-“Монголбанк Ковид-19 цар тахлын хүндрэлийн үед валютын зах дээр огцом савлагааг үүсгэхгүй байх арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 4.2%-иар сулраад байна. Оны эхний хагаст нүүрсний экспорт буурсан, томоохон гадаад бондын төлбөр хийгдсэн зэргээс шалтгаалж төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь ханшийн сулрах дарамт бий болгож байв.

Харин сүүлийн саруудад ханшийн суурь хүчин зүйлүүд харьцангуй таатай болж ирж байна. Тодруулбал, төлбөрийн тэнцэл зургаадугаар сард 452 сая ам.доллар, долоодугаар сард 335 сая ам.долларын ашигтай гарав. Үүнд экспортын дүн зургаадугаар сараас хойш 2-3 дахин нэмэгдсэн голлон нөлөөллөө. Гадаад худалдааны тэнцэл аравдугаар сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай гараад байна. Ингэснээр гуравдугаар улирлын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамт багасаад байна. Гадаад валютын улсын нөөц аравдугаар сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар байгаа нь импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын зах дахь эрэлт, нийлүүлэлтийн зөрүү багасч, төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна. Тодруулбал Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд 2020 оны эхний найман сарын байдлаар нэг удаагийн дуудлага худалдаанд дунджаар 55.9 сая ам.доллар худалдан авах санал банкнуудаас ирж байсан бол уг хэмжээ 2020 оны есдүгээр сараас хойш 12.3 сая ам.доллар болж буураад байна. Монголбанкнаас эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор тухай бүр валютын захад оролцож байгаа бөгөөд оны эхнээс хойш 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар гадаад валютын захад 2,512.4 сая ам.доллар нийлүүлж, 2,084.1 сая ам.доллар татаж, цэвэр дүнгээр 428.3 сая ам.доллар нийлүүлээд байна. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.доллар своп хэлцлийг байгуулан ажиллаж байна” гэв.

Цаашдаа төлбөрийн тэнцлийн алдагдал энэ хэвээр буурахаар байна уу, төлөв аль чигт байна вэ? гэдэгт

-Ковид-19 цар тахлын эсрэг эхний вакцинууд амжилттай туршигдан дуусах шатандаа орж байгаа, томоохон эдийн засгууд шат дараатайгаар эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээгээ сулруулж байгаа зэргээс хамаарч гадаад эрэлтийг нэмэгдүүлж, экспортын голлох түүхий эд болох алт, нүүрс, төмрийн хүдэр болон зэсийн үнэд эерэгээр нөлөөлж байна. Улмаар түүхий эдийн үнийн өсөлт болон экспортын хэмжээ өссөн зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцэл цаашид ч гэсэн сайжрах хандлагатай байна. Тухайлбал, Монголбанкны төсөөллөөр төлбөрийн тэнцэл 2020 оны дөрөвдүгээр улиралд 360 сая ам.долларын ашигтай, 2021 онд 513 сая ам.долларын ашигтай гарахаар байна.

Нөгөөтэйгүүр, Засгийн газраас аравдугаар сард 600 сая ам.долларын бондыг 5.125 хувийн купонтой буюу харьцангуй бага хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд шинээр гаргаж ойрын хугацаанд хүлээгдэж буй Мазаалай, Чингис бондуудын эргэн төлөлтийг санхүүжүүлэхээр болсон нь Монгол Улсын богино хугацааны өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын урсгалд эерэгээр нөлөөлөхөөс гадна, олон улсын үнэлгээний байгууллагууд болон хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг харуулж байна. Мөн түүнчлэн Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг 2023 он хүртэл 3 жилээр сунгасныг энд дурьдах нь зүйтэй” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top