Шинжилгээний цэгүүдэд 750 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Нийслэлийн хэмжээнд Ковид-19 халдварыг оношлох 122 шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд эмч, мэргэжилтнүүд хоёр ээлжээр ажиллан сайн дурын, халдварын хавьтлын, голомтын бүсийн иргэдийн өргөтгөсөн шинжилгээг тус бүр авч байгаа юм. Сүхбаатар дүүргийн III сургууль дээр байрлах оношилгооны төвд гэхэд нийт 2800 хүний шинжилгээг аваад байгаа аж. Үүнээс 560 иргэн ойрын буюу дам хавьтлын шинжилгээнд хамрагдсан. Үлдсэн 2240 гаруй иргэн сайн дураар шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээг авахдаа иргэний халууныг хэмжиж, гарыг ариутгаж орох хаалгаар оруулна. Коридорит хүлээлгийн сандалыг 1.5-2 метрийн зайтай байрлуулсан. Хоёр шинжилгээний өрөөнд иргэд орохдоо бэлдсэн салфеткаар хамраа цэвэрлэж, салфеткаа зориулалтын хогийн саванд хийгээд илрүүлгэ тест буюу сайн дурын шинжилгээнд хамрагдах бол хамар залгиурын арчдас өгнө. Ойрын, дам хавьтлын шинжилгээнд PCR буюу молекул биологийн шинжилгээг өгөх ажээ. PCR шинжилгээнд нэг хүнээс хоёр шинжилгээ авдаг онцлогтой. Хэрвээ 0-10 насны хүүхэд шинжилгээ өгвөл зөвхөн залгиурын арчдас авч байгаа гэнэ.

Коронавирусний шинжилгээ өгөхөд ямар нэг сөрөг нөлөө байхгүй гэв

Шинжилгээний нэг өрөөнд гардаж шинжилгээ авдаг лаборант, шинжилгээ өгч байгаа хүнийг бүртгэдэг бүртгэгч нар ажилладаг байна. Тэд халдвараас урьдчилан сэргийлэх дүрэм, журмыг сайтар сахиж, иж бүрэн хувцас хэрэглэл өмсөж ажиллаж байлаа. Ийнхүү нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс хойш сайн дурын болон зорилтот бүлгийн 89.8 мянган иргэнийг үнэ төлбөргүй Ковид-19 халдварын шинжилгээнд хамруулжээ.Шинжилгээний цэгүүдэд 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа аж. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс Ковид-19 халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг, тус сарын 17-ноос эхлэн сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв дээр, өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг ажиллуулж байна. Шинжилгээ өгөх явцын талаар эмчээс тодруулахад “Шинжилгээг БНСУ-д үйлдвэрлэсэн оношлуураар явуулж байна. Зориулалтын нарийн оношлуурыг хамрын хөндий рүү 6-10 см хүртэл оруулж залгиур хүртэл явуулснаар авдаг. Шинжилгээ авахын өмнө иргэнд тайлбар зөвлөмжөө өгнө. Хэт мэдрэг хүмүүст шинжилгээ өгөх үйл явц эвгүй санагддаг боловч шинжилгээ өгөхөд хүний биед ямар нэг сөрөг нөлөө гаргахгүй” гэдгийг хэллээ.

Илрүүлэх шинжилгээний хариу 15 минутын дараа гардаг бол эерэг хариуг батлах шинжилгээ хоёр цагийн хугацаанд гардаг байна. Оношилгооны төвүүд дээр шинжилгээний хариуг хүлээх хүлээлгийн өрөөг тусад нь гаргасан. Хэрвээ шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд тусгаарлах хоёр ч өрөөг бэлтгэсэн байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top