Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг, өвлийг өнтэй давахад шаардлагатай бүх төрлийн мал, амьтны тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Монголчуудын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тосны хувьд импортын хамааралтай хүнсний бүтээгдэхүүн юм. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа юм. Жишээ нь, манай улс ургамлын тосыг ОХУ, Украин, Малайз зэрэг орнуудаас голчлон худалдан авдаг. Одоогийн байдлаар ургамлын тосны үйлдвэрлэлийн нийлүүлэлт хомсдолтой, захиалга тасалдах нөхцөл байдал үүсч магадгүй байна. Иймээс импортын хамааралтай эдгээр бараа, бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж, асуудал үүсэхээс сэргийлж ийнхүү Гааль болон НӨАТ-аас чөлөөлж байна.
Түүнчлэн энэ хуулийн төслийн бас нэгэн гол заалт нь малын бүх төрлийн өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудал юм.
Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, бэлчээийн талбай зэргийг нарийвчилж гаргасан. Энэ мэдээллийн дагуу 2020 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэхэд зуншлага нийт нутгийн 50 хувьд “хэвийн”, 30 хувьд нь “дунд”, 20 хувьд нь “муу” гэсэн үнэлгээтэй байсан.
Тодруулбал, зүүн бүсээс бусад аймагт хадлан гарц тааруухан байсан учраас баруун, төв, говийн зарим аймгуудад өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа аж. Цаашдаа шаардлагатай өвс тэжээлийн 90 гаруй хувийг дотоодын тэжээлийн үйлдвэрүүд, хадлан бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэлээс бүрдүүлэх бөгөөд үлдсэн 10 хувийн нөөц дутагдаж байгаа юм. Иймээс энэ чиглэлд шуурхай арга хэмжээ авч хүйтний эрч чангарахаас өмнө малын бүх төрлийн өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )