Шинжилгээнд хамрагдах айлууд рүү Эрүүл мэндийн төвөөс ХОЛБОГДОНО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо.

Энэ ажлыг өнөөдрөөс буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулна.

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.

Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70%-ийг өвчлөл гарсан хороодоос, 30%-ийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулна.

Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг анхаарна уу.

Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Top