27 хоногтой ихэр нярайн эрүүл мэндэд асуудал гарч, ЭХЭМҮТ зөвлөгөө өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, УОК-ийн Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. (2020.12.06, 11:00 цаг)

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Тусгаарлах байруудад ихэвчлэн батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс байгаа. Тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүс тусгаарлах байрнаас гарсан. Орон нутагт 40 тусгаарлах байранд 559 хүн байна. Сүүлийн 72 цагт Улаанбаатар хотын 14 тусгаарлах байрнаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнд үндэслэж эдгээр хүмүүсийг гэрийн ажиглалт руу шилжүүлсэн. Иргэд гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөх хэрэгтэй. Орон нутагт 39 хүн гэрийн ажиглалтад байна.

Тусгаарлах байранд байгаа хүмүүст эрүүл мэндийн болон бусад асуудал үүссэн тохиолдолд арга хэмжээ авч ажиллаж байна. Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байгаа 27 хоногтой ихэр нярайн эрүүл мэндийн байдалд асуудал үүссэн гэсэн мэдээлэл орон нутгаас ирсний дагуу ЭХЭМҮТ-өөс цахимаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч ажилласан.

Хоногт дунджаар 5924 хүн үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод 6000-7000 алба хаагч ажиллаж байна.

Заамар суманд бичил уурхайд ажилладаг хүмүүс техникийн спирт ууж, нэг хүн газар дээрээ, гурав нь эмнэлэгт нас барсан. Гурав нь эмнэлэгт эмчлүүлж байна. Нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Top