ХАЛДВАР | Нийслэлд өчигдөр 0, өнөөдөр 32

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 23341 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 тохиолдол нэмж илэрлээ. Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгдсэн. Бүгд ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс болон тэдний гэр бүлээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймагт хоёр иргэнээс халдвар нэмж илэрч, 203 боллоо. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол, Орхон аймагт нэг иргэнээс халдвар илэрлээ. Харин Дархан-Уул аймаг болон Архангай, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодын халдвар нийт 439 боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотод 128, Сэлэнгэ аймагт 203, Дархан-Уул аймагт 45, Орхон аймагт 25, Архангай аймагт 3, Говьсүмбэр аймагт 4, Дорноговь аймагт 31 тохиолдол бүртгэгдээд байна. Харин Монгол Улсад дотоодын болон зөөвөрлөгдөж ирсэн халдварын  887 батлагдсан тохиолдол болж байна. Үүнээс 384 иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ. Одоо эмчлэгдэж байгаа 494 хүн байна. Тэдний хоёр иргэний биеийн байдал маш хүнд байгаа бол хүнд гэсэн оноштой таван хүн хэвтэн эмчлүүлж байна. 

24 цагийн дотор 38 тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусний халдвар дотоодод тархсанаас хойших хамгийн өндөр тоонуудын нэг болж байна. Гэхдээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн 32 тохиолдол нь бүгд халдвартай хүний ойрын хавьтлаар тогтоогдон тусгаарлагдаж байсан хүмүүсээс илэрсэн гэв. Өөрөөр хэлбэл. гурван тусгаарлах байранд байрлаж  байгаа зургаан гэр бүлийн иргэдээс илэрсэн бөгөөд нийтийн дундаас гараагүй гэдгийг ЭМЯ хэлж байна. 

Гэсэн ч Улаанбаатарын хэмжээнд өмнөх өдөр 0 буюу халдварын тохиолдол огт нэмэгдээгүй. Харин өнөөдөр 32-оор нэмэгдсэн нь халдварын тохиолдол буураагүйг, мөн халдвар хамгааллын дэглэмээ сулруулах болоогүй, анхаарал болгоомжоо илүү сайжруулах шаардлагатайг иргэдэд анхаарууллаа.

Top