АРХАНГАЙ: Батцэнгэл, Ихтамир сумдаас иргэдийг гаргахгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Архангай аймгийн Шуурхай штабаас тус аймагт Улаанбаатар хот болон бусад аймгаас ирэх ирэх иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх талаар мэдээлэл хийлээ. 

УОК-ын шийдвэрээр 12.07-ноос Улаанбаатар хот, бусад орон нутагт гацсан иргэдээ татаж авах ажилгааг зохион байгуулж байна. Нийтийн тээврээр зорчих иргэд 119.mn-д бүртгүүлж, харьяа дүүргийн хамгийн ойр байгаа цэгт PCR шинжилгээгээ өгөөд хариу сөрөг гарсан тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээнд хамрагдаад ирэх боломжтой. Хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэд мөн шинжилгээнд хамрагдаад ирэх боломж нь нээгдсэн. Өнөөдрөөс Улаанбаатараас иргэдээ татан аваад эхэлж байна.

Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирсэн иргэд тухайн оршин суугаа хаягандаа 14 хоног гэрийн тусгаарлалтад байх зохицуулалт хийсэн. Ирсэн иргэдийг сум бүрээр нь хаяг байршлыг нь тодорхойлоод тухайн сумын өрхийн эмнэлэг, багийн Засаг дарга нарт хариуцуулж, гэрийн тусгаарлалтанд байх хяналтыг тавиулах чиглэл өгнө. Аймгийн Засаг дарга, онцгой комиссын даргын тушаалаар иргэдээ хүлээж авах, гаргах таван ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр ажлын хэсэг нь нийтийн тээврээр ирсэн иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих, мөн Улаанбаатар хотоос гарахад нь олгогдсон QR кодыг уншуулах, орон нутаг руу нь явуулах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

АЙМГААС ГАРАХ ИРГЭД ХООЛ ХҮНС, ШАТАХУУНАА САЙТАР БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ

Аймгаас гарах иргэдийн хувьд аймгийн Нэгдсэн эмнэлэг буюу сум, орон нутгийнхаа эрүүл мэндийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд сөрөг гарсан тохиолдолд нийтийн тээвэр буюу хувийн машинаар явах эрх нь нээгдэж байна. Гэхдээ Улаанбаатар хотоос нэвтэрч байгаа тохиолдолд зайлшгүй PCR шинжилгээтэй нэвтрүүлнэ гээд журамд зааж өгсөн байгаа. Тэгэхээр аймгийн хувьд PCR-ийн шинжилгээ авах боломж нөхцөл байхгүй тул түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан иргэдийг бүртгээд Улаанбаатар хотруу явуулж байгаа. Улаанбаатар хотод 22-ын товчоон дээр явуулын PCRшинжилгээ авах лаборатори ажиллаж байгаа. Тэнд шинжилгээ өгөх шаардлагатай. 22-ын товчоон дээр шинжилгээ өгөөд шинжилгээний хариу гартал хамгийн багадаа 10 цаг, түүнээс илүү хугацаанд хүлээж шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд цааш нэвтрүүлж байгаа. Тийм учраас иргэд хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Хувийн унаагаар явж байгаа бол бензин шатахуун, хоол хүнс, дулаан хувцасаа хангалттай бэлдэх хэрэгтэй.

ОЮУТНУУДЫГ АВАХ, ХҮРГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Бусад орон нутаг, Дархан-Уул, Орхон аймагт манай аймгийн оюутнууд байгаа. Оюутнуудаа татаж авах ажиллагааг тухайн аймаг орон нутгийн онцгой комисстой нь ярилцаад зохион байгуулж байна. Аймагт байгаа Багшийн коллежийн оюутнуудыг тухайн орон нутаг руу нь хүргэх ажиллагааг мөн зохион байгуулж байна. Манай аймагт өөр орон нутгийн 300 орчим оюутан байна.

БАТЦЭНГЭЛ, ИХТАМИР, ӨГИЙНУУР СУМДААС ИРГЭДИЙГ ГАРГАХГҮЙ, ХАРИН УЛААНБААТАРААС ОРУУЛНА

Аймгийн төвд Нэгдсэн эмнэлэг, 1-р сургууль дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Сумдад түргэвчилсэн оношлуураар их хэмжээгээр шинжилгээ авах боломж тааруу. Зайлшгүй явах иргэд сумын Эрүүл мэндийн төв дээр шинжилгээ өгч болно.

Батцэнгэл сум, ойрын хавьтлын Ихтамир, Өгийнуур сумаас иргэдийг гаргахгүй, хориглогдсон байгаа. Харин эдгээр сум руу Улаанбаатараас ирэх иргэдийг оруулах ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

Top