Архангай аймаг нь тархалтын хэмжээ буураагүй, хавьтагчдын давтан шинжилгээ бүрэн гарч дуусаагүй учир голомтын бүсэд тооцогдож байна.
Хэдийгээр тархалтыг зогсоож, батлагдсан тохиолдол нэмэгдэлгүй 120 цаг болж байгаа ч хамгийн сүүлийн тохиолдол 21 дэх хоногийн давтан шинжилгээгээр илэрсэн. Тиймээс анхаарал болгоомжоо сулруулж болохгүй.
Улаанбаатар хотруу зорчиж буй иргэдийн хувьд 22-ын товчоон дээр PCR шинжилгээнд хамрагдах ёстой. Учир нь аймгийн хэмжээнд PCR шинжилгээний аппарат байхгүй, сорьц зөөвөрлөх шаардлага тулгарсан учир явуулын лабораторийг 22-ын товчоон дээр ажиллуулахаар зохион байгуулсан боловч хувийн автомашинаар зорчсон иргэд цагаа тооцолгүй гарснаар хүндрэл үүсчээ. Энэ нь зөвхөн Архангай аймгийн иргэдэд тулгарсан зүйл биш учир үүнд аймаг бүрийн онцгой комиссын хүсэлтийн дагуу УОК яаралтай арга хэмжээ авч ажиллахаар болж байна.
Архангай аймгийн онцгой комисс мөн энэ дагуу иргэдээ нэвтрүүлэх хүсэлтээ УОК, НОК-д өгсөн бөгөөд хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
Мөн 22-ын товчоон дээр гарсан нөхцөл байдлыг үндэслэн хувийн автомашинаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, замд гаргахгүй байх шийдвэрийг гаргалаа. Иргэд УОК-ын шийдвэрийг даган хувийн бэлтгэлээ хангаж, нэн шаардлагатай нөхцөл байдал биш бол гэртээ байхыг зөвлөж байна.
Дашрамд, Архангай аймагт PCR шинжилгээний аппараттай болох тухай хүсэлтийг УОК-д хүргүүлэн, шийдвэр хүлээн ажиллаж байна гэж Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.