Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.
“УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.928 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 28 хүн хамрагдаагүй байна.
Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 1564 ажлын байр, 58.555 м2 талбай, мэргэжлийн байгууллагын 52 ажлын байр, 6468 м2 талбай, зөөврийн 182 зүтгүүр, ачааны 894 зүтгүүр, сэлгээний 181 зүтгүүр, гэрээт байгууллагаар 184 галт тэрэг, 9285 вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.
Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж. Тээвэрлэлтийн тусгай горим шаардлагатай ачаанаас бусад ачаа барааг Эрээн өртөөнд вагонд шилжүүлэн ачиж тээвэрлэх чиглэлээр урд хөршийн төмөр замын байгууллагатай яриа хэлэлцээ хийгдэж тохиролцоонд хүрчээ. Өмнөх шуурхай хурлуудаас сайдын өгсөн 165 үүрэг, даалгаврын 161 нь бүрэн биелсэн, дөрөв нь биелэх шатандаа байна.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “УБТЗ” хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ