Д.Нарангэрэл: Нүдээр дамжиж халдвар авах эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийтдээ 27.4 мянган хүнд өчигдөр шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд дотоодын халдвар 440 болсон бол батлагдсан нийт тохиолдол 888-д хүрсэн байна. Одоогоор ажиглалтад 49 хүн байгаа бол клиникт 495 хүн хэвтэн эмчлүүлж байна" гэлээ. 

Тэрбээр мөн "Одоогийн байдлаар дэлхий дахинд 218 орны 66.4 хүн халдвар авсан байна. Өмнө нь гурван сард 1 сая хүн халдвар авлаа гэж ярьдаг байсан бол одоо хоёрхон хоногийн хугацаанд нэг сая хүн халдвар авч байна. Нэг хоногт 500 мянга гаруй хүн халдвар авчээ. Тэгэхээр богино хугацаанд халдварыг хумьсан орны жишээг дуулгая. Австралид намжуу байсан ч өнгөрсөн зургаадугаар сард дэгдэлт гарсан. Мужийн засаг өвөрмөц олон арга хэрэгжүүлсэн. Хамгийн түрүүнд хатуу хөл хорио тогтоосон. Тухайн гэрээс нэг хүн л эмийн сан, эмнэлэг, дэлгүүр явах зарчим хэрэгжүүлж, тархалтыг богино хугацаанд таслан зогсоосон. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хавьтлыг богино хугацаанд илрүүлэх, үйлчилгээний ажилчдыг өргөн хүрээнд хамруулж, эерэг гарсан хүмүүсийг гэрт нь болон тусгаарлах байранд байлгасан. Тухайн мужийн засаг захиргаанаас гаргасан шийдвэрийг ард иргэд нь сайн биелүүлсэн учир дэгдэлтийг богино хугацаанд таслан зогсоосон.

Манай иргэд хатуу хөл хорионы дэглэмд байгаа үед онцын шаардлагагүй бол гэртээ байх хэрэгтэй байна. Дэлгүүрт явахдаа онцгой дэглэм барих шаардлагатай. Яагаад гэвэл ойрын зайнаас харьцах өндөр эрсдэлтэй. Битүү орчинд коронавирус 4-8 метр үсэрч, халдвар дамжих эрсдэлтэй” гэв.

ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЭМЯ-НААС АНХААРУУЛЖ БАЙНА
 

  • Хүний гадуур хувцаст гараараа хүрэхгүй байх
  • Аль болох богино хугацаанд тухайн орчноос гарах (10-15 минут)
  • Нүдний шил зүүх шаардлагатай. Нүдээр дамжиж халдвар тархах магадлалтай
  • Гарын ариун цэвэр сайтар сахих шаардлагатай
  • Хүнсний бүтээгдэхүүнд гараараа хүрч болохгүй
  • Амталгаат худалдаа хийхгүй байх
  • Нүүр, амандаа бохир гараар хүрэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх
  • Бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг савантай бүлээн усаар арчиж, гаднах баглаа, боодлыг шууд хаях.


ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА ОНЦГОЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
 

  • Халуун хэмжих
  • Өглөө бүр ажилчдаа амны хаалттай эсэхийг шалгах
  • Лангуу, сагс, хүний гар хүрдэг хэсгийг халдваргүйжүүлэх
  • 00 өрөөндөө ажилчид болон үйлчлүүлж байгаа хүмүүст гараа угаах боломжоор хангах
  • Бэлэн мөнгө аль болох хэрэглэхгүй байх
  • Карт уншигчийг ариутгах
  • Жимс гэх мэт шууд идэх зүйлд амталгаат худалдаа хийхгүй байх эсвэл бүтээж байх шаардлагатай
  • Тусгаарлах өрөө заавал бэлдэнэ. Халуурах, шинж тэмдэг илэрвэл тухайн өрөөндөө тусгаарлаж, 119 болон 1800-0119 дугаарт хандах шаардлагатай.
     

Top