Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 14:00 цагийн байдлаарх мэдээлэл өглөө. Мэдээллийг НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй, 128 хэвээр байна. "Нэг өрх, нэг иргэн" шинжилгээний ажлын хүрээнд одоогоор есөн дүүргийн хэмжээнд 58000 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймгийн чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн гарсан бол 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна.
Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 7-нд Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр хувийн автомашинтай зургаан иргэн "Эмээлт" шалган нэвтрүүлэх товчоон дээр ирсэн байсан. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан тул өглөө нь шинжилгээ авахаар бэлтгэж байсан. Энэ хугацаанд иргэн О-гийн биеийн байдал муудсан тул түргэн тусламж дуудсан. Нийслэлийн түргэн тусламжийнхан очиж, анхны тусламж үзүүлж байх хугацаанд иргэн О нас барсан. Нас барсан шалтгаан, нөхцлийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Коронавирусний халдвар гарсан аймгуудаас Улаанбаатар хот руу ирж байгаа иргэдийг зайлшгүй PCR шинжилгээний хариу шаардаж нэвтрүүлж байгааг иргэд анхаарах хэрэгтэй.
Хотын захын хороолол руу явж байгаа автобусанд иргэд зай барихгүй байх зэрэг асуудал гарч байна. Тиймээс зорчигчид нэг суудал алгасаж суухыг анхаарна уу.
Хүнсний хомсдол үүссэн асуудал гараагүй, байдал хэвийн байна. Нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Худалдаа, үйлчилгээний төвүүд дээр Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ.