ТЕНДЕР | Нэг кг будаанаас 300 төгрөг хэмнэх боломжийг үл тоож, импортлогчдыг шахсан уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

“Төрөөс коронавирусний эдийн засаг дахь сөрөг нөлөөг багасгах чиглэлээр үзүүлж буй дэмжлэгийг хэрхэн авлигад алдчихгүйгээр хүрэх ёстой хүмүүст нь хүргэх вэ” гэдэг асуудлыг эдийн засагч, профессор Б.Эрдэнэбат 2020 оны зургаадугаар сард Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа хөндөн, ярьж  байсныг эхлээд тодотгоё.

Үүнийг сануулахын учир нь Улсын онцгой комисс (УОК), Нийслэлийн онцгой комисс (НОК)-оос коронавируст халдварын нөлөөллийн улмаас орлого нь тасарсан, тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй болсон  өрх, иргэнд хүнсний тусламж үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хариуцлагагүй хандаж, хэсэг бүлэг хүмүүст давуу байдал олгож байна гэх гомдол, саналыг хүнс үйлдвэрлэгч, импортлогч  аж ахуйн нэгжүүдийн зүгээс ирүүлж байна.

Цар тахлын нөлөөлөлд өртсөн болон эмзэг бүлгийн өрхөд хүнсний хангамж үзүүлэхийн тулд Хүнсний нийлүүлэлтийн тендер зарлах шийдвэрийг ХХААХҮЯ-наас гаргахдаа дотоодын хүнс үйлдвэрлэгчид болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулах чиглэл өгсөн аж. Ингэхдээ будаа, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэр төрлийн бараа импортолдог аж ахуйн нэгжүүдийг хамруулахыг тусгажээ.

Гэтэл НОК, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэхдээ Номин, И-Март, “Дүүхээ” худалдааны төв зэрэг хүнс үйлдвэрлэдэггүй, мөн тухайлсан чиглэлээр дагнасан бараа бүтээгдэхүүн импортолдоггүй томоохон худалдааны төвүүдийн дунд тендерийг явуулжээ.

Улмаар “Дүүхээ” худалдааны төвийг цагаан будааны нийлүүлэлтэд бусад оролцогчдоос хямд үнэ санал болгосон гэж үзсэн тул шалгаруулсан аж. Гэтэл тус худалдааны төвөөс 1 кг цагаан будааны үнийг 2200-2300 төгрөгөөр санал болгожээ.

Уг нь цагаан будаа, элсэн чихэр импортоор оруулж ирдэг дагнасан аж ахуйн нэгжүүдийн хувьд 1 кг цагаан будааг 1900 төгрөгөөр НОК-д нийлүүлэх боломжтой байжээ.

Нэг ёсондоо 1 кг тутмаас 300 төгрөг хэмнэх бодит боломж байсаар байхад НОК, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс илүү өндөр үнээр худалдан авах сонирхолтой байсан нь анхаарал татаж байна.

НОК-ийн зүгээс 40 мянган өрхөд хүнсний багц тараах нөөцтэй байх чиглэлд анхаарч байгаа. Хэрэв 1 кг цагаан будааг “Дүүхээ” төвөөс 2200 төгрөгөөр авалгүй бусад импортлогч аж ахуйн нэгжүүдээс 1900 төгрөгөөр авсан бол хүнсний хангамжид хамрагдах  өрхийн тоог нэмэх санхүүжилтийн эх үүсвэр гарах байсан.

Цар тахлын тархалтыг хумихын тулд хөл хориог бүрэн цуцлах боломж хэцүү байгаа. Энэ нь айл өрх, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт бодит эрсдэлийг учруулж буй энэ үед төрийн байгууллага нь Онцгой комисс нь хэсэг бүлэг этгээдүүдэд давуу байдал олгохыг урьтал болгомооргүй байна.

Цагаан будаа, элсэн чихэр импортоор оруулж ирдэг 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл уг асуудлаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хандсан ч, тодорхой хариу өгөхгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top