Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Сэлэнгэ аймаг дахь коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.08)
ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ:
-Аймгийн Онцгой комиссоос аймаг, орон нутгийнхөө нөхцөл байдал, иргэдийнхээ хүсэлт, хэрэгцээ шаардлагыг Улсын онцгой комисст танилцуулж ажилласны үр дүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Мандал, Сүхбаатар сумдаас бусад сумдын иргэдийг нийслэл болон бусад орон нутаг хооронд зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс нээхээр болж, нэгдсэн зохион байгуулалттайгаар хөдөлгөөнд оролцуулахаар аймгийн Онцгой комиссын албан даалгавар гаргаж, бүх сумдынхаа Онцгой комисст хүргүүлээд байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо тухайн сумынхаа Онцгой комисст бүртгүүлж, нэгдсэн зохион байгуулалттайгаар түргэвчилсэн шинжилгээ авах цэгүүдэд ирж шинжилгээндээ хамрагдан, зорчих эрх нь нээгдэнэ гэдгийг сайн ойлгоорой. Бид сумдаа бүсчлэн, тухайн бүс нутагт хамгийн боломжтой байршлуудад Түргэвчилсэн шинжилгээ авах багуудаа байрлуулаад байна.
Алтанбулаг, Мандал, Сүхбаатар сумын тухайд хүндэтгэн үзэх шалтгаан буюу УОК-ийн зөвшөөрсөн 18 төрлийн шалтгааныг харгалзан PCR-ийн шинжилгээний дагуу нийслэл болон бусад орон нутагт зорчих нь одоогоор хэвээрээ байгаа. Аймаг доторх хөдөлгөөний тухайд өвчлөл бүртгэгдээгүй, бидний эрүүл бүс, сум гэж тодорхойлоод байгаа 14 сумын иргэд өөр хоорондоо шилжилт хөдлгөөн хийхдээ заавал шинжилгээнд хамрагдалгүйгээр тухайн бүс нутаг дотроо асуумжийн хуудас бөглөн зорчиж болохоор шийдвэрийг гаргаад байна. Харин хөдөлгөөнд оролцогч иргэд сумынхаа онцгой комисст бүргүүлж, хаашаа, аль сум руу, ямар зорилгоор хэдий хугацаанд явж байгаагаа заавал мэдэгдэж, бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай.
Дулаанхаан тосгонд дам хавьтал бүртгэгдсэн тул өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл хөдөлгөөний түр хязгаарлалт хийхээр аймгийн ОК-ийн тогтоол гарсан байгаа.
Бид өчигдөр (2020.12.07) Улаанбаатар хотоос аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг эхлүүлсэн. Иймд голомттой бүс нутгаас ирж байгаа иргэд маань дор бүрнээ хариуцлагатай байж, 14 хоног гэрийн дэглэмээ сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.
Аймгийн онцгой комиссын 2020 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолын талаар та бүхэнд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан мэдээлсэн. Хэдийгээр коронавирусний тохиолдлын тоо өдөр ирэх тусам буурч байгаа хэдий ч Сүхбаатар сумын иргэд та бүхэн тайвшралгүй тус тогтоолыг хэрэгжүүлэн, гэр гэртээ байж, хамтран ажиллахыг та бүхнээс хүсэж байна.
Өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, 204 боллоо. Энэ нэг тохиолдол нь Сүхбаатар сумын 3-р багт бүртгэгдсэн бөгөөд 43 настай эмэгтэй байна. Тус эмэгтэй маань өмнөх тохиолдлын ойрын хавьтал байсан.
Халдвар авсан хүний тоог сумдаар авч үзвэл, Сүхбаатар суманд 199, Алтанбулаг суманд 2, Мандал суманд 3 тохиолдол бүртгэгджээ.
Ойрын 1475, дам 862 нийт 2337 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар сумын 18795, бусад сумдын 15152 нийт 33917 хүнийг хамруулаад байна.
Арванхоёрдугаар сарын 07-ны өдөр батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээг /PCR/ 444 хүний сорьц авч, өссөн дүнгээр 11222 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа. Мөн “Болд төмөр ерөө гол” компанийн 320 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Сүхбаатар сумын иргэдэд Ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн, зөвлөгөө авахад зориулж 95-900-103, 95-916-103 тусгай дугаарын утсыг 24 цагаар дуудлагаар ажиллуулж байна.
Сүхбаатар боомтын нөхцөл байдал:
Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 7 галт тэрэгний 292 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд 6 галт тэрэг 167 воганыг нэвтрүүллээ.
“Алтанбулаг” боомтын хяналт шалгалтын талбайд импортын 13, жолооч нь тусгаарлагдсан 7 нийт 20 автомашин байрлаж байна.
ОХУ-ын Хиагт авто замын боомтод 60 орчим ачааны автомашин дугаарлан 11 хонож байна.
Ариутгал халдваргүйжүүлэлтийн мэдээ (Өссөн дүнгээр)
Аймгийн хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 772.215 метр квадрат талбайд голомтын болон урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавин ажиллаж байна. Улс, аймаг, сумынхаа онцгой комиссуудын шийдвэрийг мөрдөж, халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамтдаа хамгаалцгаая.