Архангайн иргэдийг Түргэвчилсэн хариунд үндэслэн НЭВТРҮҮЛЭХЭЭР боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Архангай аймгийн Онцгой комиссоос өнөөдөр (2020.12.08) Нийслэлийн онцгой комисс, Улсын Онцгой комисст хандан Архангай аймгаас Улаанбаатар хот руу зорчсон иргэдийг түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн авто тээврийн товчоодоор нэвтрүүлэх чиглэл өгөх хүсэлт гаргасан юм.

Нөхцөл байдлаас хамааран аймгийн Онцгой комиссоос гаргасан хүсэлтийг Улсын онцгой комисс хүлээн авч, өнөөдрийн хурлаараа хэлэлцэн, Архангай аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот руу нэвтрэхийг зөвшөөрчээ.  

Архангай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 2300 гаруй иргэн тусгаарлалтад байна. 

Нэгдүгээр зэргийн буюу ойрын хавьтлын тусгаарлах байранд Ихтамирт 3, Өгийнуурт 2, Батцэнгэлд 69, нийт 74 иргэн, хоёрдугаар зэргийн буюу дам хавьтлын гэрийн тусгаарлалтад Ихтамирт 233, Өгийнуурт 104, Батцэнгэлд 518, нийт 855 иргэн, иргэдийн зорчих хөдөлгөөнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 1228 иргэн байгаа талаар аймгийн Онцгой комисс мэдээллээ. 

Эдгээр иргэдэд тандалт, судалгааг үргэлжлүүлэн хийж байна.
 

Top