Сэлэнгэ аймаг руу НЭМЭЛТ БАГ илгээхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймгийн шуурхай штабын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийжээ. Уг хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, тархвар судлаач, мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул, Сайдын зөвлөх О.Чимэдсүрэн нар оролцсон байна.

Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр Сэлэнгэ аймагт нөхцөл байдал хүндэрсэн тул Улаанбаатараас сорьц цуглуулах шинжилгээний баг нэмэлтээр ажиллуулахаар болжээ. 

Аймгийн тухайд энэ сарын 09-ний өдөр гурван шинэ тохиолдол бүртгэгдсэнээр  нийт батлагдсан тохиолдлын тоо 207 (Сүхбаатар сум-202, Мандал сум-3, Алтанбулаг сум-2) байгаагаас дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж, 40-49 насанд өвчлөл хамгийн өндөр байна. Ойрын хавьтлын 1216,  хүнийг илрүүлж, тусгаарлалт, хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар суманд 17,927, бусад сумдад 12,382, нийт 30,309 иргэн хамрагдаад байгаа аж. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бүртгэгдсэн тохиолдлын тоо арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс хойш бага зэрэг буурах хандлага байсан хэдий ч арванхоёрдугаар сарын 03-ны өдрөөс хойш дахин нэмэгдэх төлөв харагдаж байна. Халдвар тархалтын динамик, шалтгаант загварын тооцооллоор арванхоёрдугаар сарын сүүлээр нууц үедээ буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. Өөрөөр хэлбэл, халдварын дэгдэлтийн хоёр дахь давалгаа эхлэх магадлалтай байна. Иймд Сүхбаатар сумын төвийн 5200 өрх бүрээс нэг иргэнийг PCR буюу ПГУ (Полимеразийн гинжин урвал)-ын шинжилгээнд хамруулан, тандалт хийх, нөгөө талаар хүн амын дунд халдвар тархан эдгэрсэн эсэхийг тодруулахын тулд серо-эпидемиологийн судалгаа хийнэ” гэсэн шийдвэрийг хурлын үеэр танилцуулсан ба аймгийн онцгой комисс уг саналыг дэмжин, ойрын өдрүүдэд бэлтгэл хангахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.93.114) 2020 оны 12 сарын 10

Ж.Энхбаяр т эрхийг өгвөл зохицуулчина шүү

0  |  0
Top