Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорьж явсан уул уурхайн компанийн ажилчдаас коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ.
Туслан гүйцэтгэгч компаниудын 600 гаруй ажилтан ээлж солигдож ажиллахаар өнөөдөр (2020.12.10) 16:00 цагийн үед Яармаг дахь "Оргил" худалдааны төвийн үүднээс хөдөлсөн ба бүгд шинжилгээнд хамрагдсан ч заримынх нь шинжилгээний хариу гараагүй байсан аж.
Ингээд замд явах хугацаанд "ТТ Жевико" компанийн нэг ажилтны шинжилгээнд коронавирусний халдварын сэжигтэй байдал илэрсэн тул автобуснуудыг буцаан татах шийдвэр гаргаад байна.
Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс нэг автобусанд 20 хүн суулгасан байсан ба ойролцоогоор 30 автобус Улаанбаатараас хөдөлсөн байжээ. Автобусны түрүүч нь Дундговь, сүүлийнх нь Өлзийт орчимд явж байхад нь энэ тухай мэдээллийг өгсөн аж.
Энэ үед сэжигтэй тохиолдлын суусан автобус Төв аймагт зорчиж явсан ба дөнгөж сая яаралтай Улаанбаатар руу буцаасан талаар эх сурвалж хэллээ.