Нийслэлд халдварын ШИНЭ ГОЛОМТ үүссэн байж болзошгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Монгол Улс дотооддоо халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод бүтэн сарын нүүрийг үзэж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд халдварын голомтыг цомхотгож, хумьж чадсан ч өчигдөр /2020.12.10/ коронавирусний халдварын шинэ голомт Улаанбаатар хотод бүртгэгдсэн байж болзошгүй байна. 

Учир нь, өнөөдрийн /2020.12.11/ Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн ээлжит мэдээллээр нийслэлд хотод халдварын зургаан тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар хэллээ. Тэдний дөрөв нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс халдвар илэрсэн бол хоёр нь "Амгалан" гаалийн газарт ажилладаг ажилтан болон түүний хүү халдвар авсан болох нь батлагджээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ. Дөрөв нь ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Харин хоёр нь "Амгалан" гаалийн ажилтан болон түүний хүүгээс илэрсэн. Ойрын хавьтлын 50 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Одоогийн байдлаар хоёр дахь хавьтлын 114 хүнийг тогтоож, тандалт судалгааны ажлыг хийж байна" гэж ярилаа. 

Үүнээс харахад Улаанбаатар хотод халдварын шинэ голомт үүссэн байх магадлал өндөр байна. Учир нь ХӨСҮТ болон ЭМЯ дээрх шинэ тохиолдол хаанаас, ямар эх үүсвэрээс халдвар авсныг мэдээллийн үеэр хэлсэнгүй. Энэ нь ХӨСҮТ-өөс халдварын шинэ голомт гэдгийг тодотгоогүй ч үгүйсгэсэнгүй гэсэн үг юм. 

Түүнчлэн өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр, дээрх хоёр шинэ тохиолдлын халдвар авсан эх үүсвэрийг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа бөгөөд шинэ голомт үүссэн байж болзошгүй нөхцөл үүссэн байна. 

Улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хориог ирэх даваа /2020.11.14/ гарагт сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдсөн 24 салбарын ажилчид тодорхой журмын хүрээнд ажиллаж эхлэх юм. Цаашлаад үе шаттайгаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж ажиллуулахаар болсон билээ. 

Гэтэл өнөө, маргаашгүй улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хориог сулруулах гэж байгаа энэ цаг үед Улаанбаатар хотод халдварын шинэ голомт бүртгэгдсэн байж болзошгүй нөхцөл үүссэн нь иргэдийг алхам тутамдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг анхааруулан сануулж байна. 

Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээллэх болно. 

Top