Архангайн Жаргалант сумын нэг иргэний хариу ҮГҮЙСГЭГДЛЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Архангай аймгийн Жаргалант суманд арванхоёрдугаар сарын 10-11-нд шилжих шөнө нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар вирусын сул эерэг хариу гарсан тул шуурхай штабаас хариу арга хэмжээ авч, сорьцыг PCR-ийн шинжилгээнд хамруулжээ.

PCR шинжилгээгээр тухайн иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарсан талаар Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд аливаа үйл ажиллагаа явуулах хориглох, хязгаарлалтын арга хэмжээг 11-ний өдрийн 06.00 цагаас 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан байгаа. 

Батцэнгэл суманд халдварын 3 тохиолдол бүртгэгдсэн хэвээр бөгөөд арванхоёрдугаар сарын 1-ний өдрийнхөөс хойш нэмж халдварын тархалт бүртгэгдээгүй байна. Батцэнгэл сумын гурван тохиолдлын ойрын хавьтлын 74 хүн, Батцэнгэл, Ихтамир, Өгийнуур суманд байгаа дам хавьтлын 855 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа аж. Ойрын болон дам хавьтлын иргэдэд PCR шинжилгээний сорьц авсан хариу ямар гарахаас шалтгаалж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах сулруулах эсэхийг 13-ны өдрийн АОК-ийн хурлаар шийдвэрлэнэ. 

Харин Батцэнгэл суманд тогтоосон хөл хорионы дэглэмийг 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгалаа. 

Өчигдрийн байдлаар Архангай аймгийн 3151 иргэнд PCR шинжилгээнд хамрагджээ. 

 

Top