Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ (2020.12.12, 11:00 цаг).
ЭМЯ-НЫ ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:
-Коронавирус илрүүлэх судалгааг бид гурван чиглэлээр хийж байгаа. Нэгдүгээрт, тохиолдолд суурилсан, хоёрдугаарт, эмнэлгийн байгууллагад, гуравдугаарт, лабораторид суурилан хийж байна. Коронавирус гадаргуу дээр хэр удаан тогтдог талаар иргэд их асууж байна. Үүнд хариулт өгье.
АНУ-ын судлаачид энэ тухайд судалгаа хийж, тогтоосон. Дунджаар 2 цагаас эхлээд 5 өдөр хүртэл халдвар гадаргуу дээр тогтож байна. Коронавирус металь дээр буюу хаалганы бариул зэрэгт 5 өдөр, модон дээр 4 өдөр, хуванцар зүйл дээр 3 өдөр, ган дээр 2-3 өдөр, зэс дээр 4 цаг, хөнгөн цагаан дээр 2-8 цаг байх чадвартай. Бидний хамгийн их хэрэглэдэг цаасан дээр 5 хүртэлх өдөр коронавирус тогтох боломжтой. Шаазан эдлэл, шилэн дээр мөн 5 хүртэл өдөр байж болно.
Арванхоёрдугаар 14-нөөс нэлээд олон байгууллага ажиллаж эхэлнэ. Нэгэнт халдвар гарсан учраас хүн бүр халдвар авахгүй, бусдад тараахгүй байх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй. Ажил дээрээ очоод ширээ сандал, өөрийн эд зүйлийг ариутгаж, угааж цэвэрлээрэй. Агааржуулалт маш сайн хийгээрэй. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс 1-1,5 метр зайд харьцах, ажилчдыг ээлжийн зохицуулалтад оруулах, бүх ажилчдын 3/2-ыг цахимаар ажиллах бололцоогоор хангах шаардлагатай. Албан хаагчдаа богино цагаар, ээлжээр ажиллуулах нь чухал. Ингэснээр амьсгалын замаар болон агаар дуслын замаар дамжих эрсдэлээс сэргийлнэ. Өглөө бүр албан хаагч болон үйлчлүүлэгчдийн халууныг үзэж, ханиах найтаах шинж тэмдэгтэй хүнийг ар гэрт нь буцаах шаардлагатай. Мөн албан хаагчдаа витаминжуулах, дархлаажуулах, стрессдүүлэхгүй байх нь чухал. Ялангуяа үйлчилгээний ажилчид өрөөндөө агааржуулалт хийж, орчин тойрноо халдваргүйжүүлж, 1,5-2 метр зайд харьцах нь чухал. Олон хоног уулзаагүй ажилчид хоорондоо тэврэлдэх, чанга ярих үед шүлс үсрэх эрсдэлтэй. Тиймээс холын зайнаас мэндчилээрэй.
Ресторан, хоолны газарт бөөнөөр хооллохыг багасгаж, хүргэлтээр үйлчлүүлэх нь зүйтэй. Бидний гол зорилго бол хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад оршиж байгаа.