А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийг тусгаарлаагүй, хөл хорионд ороогүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ (2020.12.12, 11:00 цаг). 

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид "ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарласан гэдэг мэдээлэл үнэн үү. Сүрьеэгийн тасгийн эмч халдвар авсан, түүнтэй хамт ажиллаж байсан сувилагч дараа нь бие нь муудсан, хариу нь эерэг гарсан гэх албан бус мэдээлэл байна" гэсэн асуултад хариулт авахыг хүсэв.

Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлаагүй. Хөл хорионд орсон гэж ойлгож болохгүй. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. ХӨСҮТ бол онцгой обьект. ХӨСҮТ мэдээлэл нуухгүй. Шинжилгээгээр гарч ирсэн тохиолдол бүрийг мэдээлж байгаа. Нуух тусам халдварт өвчин тардаг. Манай эмч, сувилагч нар маань өвдөж байгаа. Эмч, сувилагчдаа буруутгах арга байхгүй" гэсэн хариулт өглөө.

Тэрбээр мөн "Амгалан" гаалын гаазрын ажилтан хаанаас халдвар авсан нь тодорхой болсон уу" гэсэн асуултад,

-"Амгалан" авто вокзалын талбайд хяналт хийдэг гаалийн байцаагч болон түүний хүүгээс халдвар илэрсэн. Голомтын цар хүрээг тогтоосон. Тэдний ойрын хавьтал болох 58, дам буюу хоёрдогч хавьтлуудыг тогтоож, шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй. Тухайн хүний харьяалагддаг газар тул Нийслэлийн гаалийн газрын 100 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулж байна. 

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Коронавируст халдвар агаар дуслын замаар дамждаг. Улаанбаатар хот маань өөрөө коронавируст халдварын голомттой байна. Тиймээс тандалтын шинжилгээг өргөн хүрээнд, ялангуяа төмөр замтай холбоотой газрууд, үйлчилгээний байгууллагуудад байнга хийж байгаа. Энэ явцад халдвар нэмж бүртгэгдэнэ. Өргөжүүлсэн тандалтын явцад нэг хоёр коронавирус илэрч болно. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа. Тандалтын шинжилгээг эгзэгтэй цэгүүдэд өргөн хүрээтэй явуулна. Энэ нь цар тахлын үзэгдэл. Цар тахлын вирус гарсан үед хэдэн хүнийг тусгаарлачихаад, тандалт хийхгүй байж болохгүй. Батлагдсан тохиолдол хавьтлаа хэлэхгүй байх, мартаж санах, хавьтлын хавьтал үүсэх зэрэг зүйл гардаг. Төмөр замаас халдвар тархлаа гэж хэлж, ярьж болохгүй" гэж хариуллаа. 

Сануулахад, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад 17529 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Энэ нь ХӨСҮТ-ийн сувилагч байсан талаар ЭМЯ мэдээллээ.  Улаанбаатар хот дахь бусад голомт болон орон нутагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авснаар Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын халдвар авсан тоо 20 боллоо. Улсын хэмжээнд дотоод дахь халдварын тоо өнөөдрийн байдлаар 454 хүрч, нийт бүртгэгдсэн халдвар 906 боллоо" гэж хариуллаа. 

Top