ЭМЯ-ны өнөөдрийн \2020.12.13\ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн эмнэлгийн ажилчид өвчилсөн тухай мэдээллүүд сошиалаар явж байгаад ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "12 дугаар сарын 8, 9, 10-нд ХӨСҮТ-ийн гурван хүн халдварт өртсөн байгаа. Эхнийх нь манай Шуурхай хариу арга хэмжээний багт явдаг ариутгагч байсан. Ариутгагч бол батлагдсан тохиолдлыг зөөвөрлөх, тусгаарлах, тэр хүмүүсийн эд зүйлд ариутгал хийх, мөн батлагдсан тохиолдлыг зөөвөрлөн ирсэн машинд ариутгал халдваргүйтгэл хийдэг хүн байсан. Ажилбараа гүйцэтгэх явцдаа буюу хамгаалах хувцас хэрэглэлээ тайлах үедээ алдаа гарсан байж болзошгүй. Энэ хүн маань халдварт өртсөн. Энэ хүний ойрын хавьтал 29 хүнийг тусгаарласан. 29 хүний хоёр дахь давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байгаа.
Дараа нь манай лаборант 12 дугаар сарын 9-нд халдварт өртсөн. Энэ хүн бол тусгаарлалтад байгаа хүмүүсээс сорьц цуглуулах, лаборторт ирсэн сорьцийг дугаарлах үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн. Тусгаарлалт байж байгаад гэртээ очоод нэг хоносны дараа халдварт өртсөн байсан. Энэ хүн мөн ажилбараа хийх явцдаа хамгаалах хувцас хэрэглэлтэй холбоотойгоор халдварт өртсөн байх эрсдэлтэй. Энэ хүний ойрын хавьтлын 44 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Эхний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Дараа нь манай сүрьеэгийн тасгийн туслах сувилагч халдварт өртсөн. Энэ хүн 12 дугаар сарын 7-ныг хүртэл тусгаарлалтад байсан. Өмнө нь байсан сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал. Сэжигтэй тохиолдол бол батлагдаагүй, онош үүсгэгдсэн учраас энэ хүн үйл ажиллагаагаа 8, 9-нд хэвийн явуулж байсан. Энэ хүн маань 9-өөс шинжилгээ өгөөд 10-нд онош батлагдсан. Энэ хүн нь туслах сувилагчийн үүрэг гүйцэтгэдэг. Сүрьеэтэй өвчитнүүдийн шинжилгээ, бичиг баримтуудыг вирус судлалын лаборторуудад шинжилгээг нь аваачиж өгдөг, буцааж авдаг бүх л туслах ажиллагаанд оролцдог хүн. Бас халдвар сэргийлэлтийн дэглэмээ алдсантай холбоотойгоор халдварт өртсөн.
Нийт манай гурван ажилтны ойрын хавьталд 94 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад ажиглалт, тандалт хийж, шинжилгээнд оруулж байна. Одоогоор тэдгээр хүмүүст коронавирус илрээгүй байна." гэв.