Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2020.12.13) боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох сайд нар мэдээлэл өгөв.
Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлнө
Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлнө.
Төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар гаргана.
2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл
"Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. Даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Одоо халдвар авахгүй, тархаахгүй байх нь иргэн бүрийн ухамсар, үүрэг, хариуцлагаас хамаарна. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гарахын төлөө зүтгэе" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Энэ сард дөрвөн удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ
Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3,800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3,300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна. Хөл хорионы дэглэм, тусгаарлах байрны боломжийг харгалзан 12 дугаар сард Токио, Сөүл хот руу тус бүр нэг, Франкфурт чиглэлд хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ. 2020 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1,301 хүн тусгаарлах байранд байна. 70 гаруй зочид буудлын 32-ыг нь цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан. Цаашид "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримталж, зочид буудлын коридорт камер суурилуулан хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгож байна.
Орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 18 хүртэл Улаанбаатар хотоос явуулна
Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна. Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ. "Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм.
Товч мэдээ