СЭЛЭНГЭ I 4649 иргэний PCR шинжилгээ бүгд СӨРӨГ гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн яамтай хамтран Сүхбаатар сумын өрх бүрээс 1 иргэнийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг арванхоёрдугаар сарын 11, 12-ны өдөр амжилттай зохион байгуулжээ. 

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнгөрсөн шөнө шинэ мэдээлэл хийлээ.

(2020.12.14, 02:15 цаг)

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "Чухал ажлын үр дүн гарч, шинжилгээ өгсөн 4649 иргэний PCR шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан мэдээг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Сүхбаатар сумын нийт өрхийн 98,3 хувь нь энэхүү шинжилгээнд хамрагдсан юм. Сэлэнгэчүүд бид сайхан мэдээтэй байгаа ч хариуцлагаа улам сайжруулж, иргэн бүр дор бүрнээ хичээн энэхүү аюулт вирусний халдварын тархалтыг таслан зогсоож, сайхан цагийг авчирна.

Аймгийн Онцгой комиссоос коронавирусын цар тахлын голомттой бүс нутгийн иргэдээ түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, энэхүү халдварын тархалтын ерөнхий зураглалыг гаргаж чадсан. Энэ ажлаа бататгах үүднээс хамгийн ихээр тохиолдол бүртгэгдэж байгаа Сүхбаатар сумын өрх бүрээс нэг төлөөллийг PCR шинжилгээнд хамруулж, өмнөх гаргасан зураглалаа баталгаажуулах арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ.

Хэрэв “Ковид-19” халдварын тохиолдол шинээр бүртгэгдвэл өмнөх тохиолдлын ойрын хавьтал буюу эрсдэлтэй гэж үзэн, тусгаарлалт, хяналтад авсан иргэдийн дундаас гарах магадлал байна.

PCR-ийн сорьц өгсөн иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан нь иргэн таныг шинжилгээ өгөх мөчид л халдваргүй байгааг тодорхойлсон баримт гэж ойлгох ёстой. Энэ нь халдвар авахгүй гэсэн баталгаа биш ээ. Тиймээс иргэд та бүхэн нэг минут ч тайвширч, анхаарал болгоомжоо сулруулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, нэг удаагийн бээлийг хэрэглэж дадах, гэрийн дэглэмээ мөрдөөрэй. Хүн бүр хариуцлагатай байснаар энэ аюултай вирусын халдварын тархалтыг бүрэн зогсоож чадна. Иргэд та бүхэн дор бүрнээ хичээж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, зөвлөмжийг баримталж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна" гэв. 

Эх сурвалж: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

 

Top