ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.14/ ээлжит мэдээллээ өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-"Амгалан" гаалийн ажилтанг шинэ голомт гэж ойлгож байгаа. Тухайн иргэн хаанаас халдвар авсан бэ?
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
-"Амгалан" гаалийн ажилтан хаанаас халдвар авсан талаарх тандалт үргэлжилж байгаа. Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт халдварын том голомт үүссэн. Үүний дараа алаг цоог энд тэнд өвчлөл бүртгэгдэх асуудал байдаг. Энэ бол шинэ төрлийн вирус, агаар дуслаар дамждаг учраас хаанаас ч өвчлөл гарах эрсдэл өндөр. Эгзэгтэй газар тандалт хийж, шинжилгээ авах явцад "Амгалан" гаалийн ажилтныг олж авсан. Энэ хүний хавьтлуудыг эрэн сурвалжилж, хойноос нь хөөцөлдөх асуудал байна. Одоогоор ойрын болон хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Гэхдээ тандалт одоо ч үргэлжилж байна.
-ХӨСҮТ-д томографик аппарат байдаггүй гэх шүүмжлэл их ирэх юм. Эдгэрсэн хүмүүсийн уушгийг томографик аппаратаар хардаг уу. Ямар шалгуураар эдгэрсэн гэж үздэг вэ?
-ХӨСҮТ-д сити томографик аппарат байгаа. Эдгэрсэн гэж үзэх ДЭМБ-ийн шалгуур байдаг. Бүх стандартын дагуу эмчилгээг хийгээд, ДЭМБ-ын шалгуур, Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэж, тухайн иргэнийг эмнэлгээс гаргадаг. Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байх, вирус ялгаруулахгүй байх зэрэг нөхцөлийг харж, сүүлийн гурав хоног ажиглаад гаргадаг.
-Хөдөө буцах хүсэлтэй хэдэн хүн байна вэ. Хэрхэн шинжилгээгээ авч байна вэ?
-Улаанбаатар хотоос гарах хүсэлтэй 387687 иргэн хандсан. Одоогоор 380229 хүний шинжилгээ хийгдээд, бүгд сөрөг гарсан. Өчигдөр Улаанбаатар хотоос 1771 иргэн гадагш гарсан бол 2062 иргэн орж ирсэн. Орсон, гарсан тоон үзүүлэлт өдөр бүр өөр өөр гарч байгаа.
-Арваннэгдүгээр сард ирэхээр нэрс нь баталгаажсан иргэд энэ сарын нислэгт багтаж байгаа юу?
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Л.МӨНХТҮШИГ:
-Арваннэгдүгээр сарын 19-нд Франкфурт руу 258 хүний суудалтай тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөж байсан. Нэрс нь баталгаажсан иргэд бүгд ирнэ.
Нислэг цуцлагдсантай холбоотой чиглэл өгөөд судалгаа ирүүлсний дагуу 17 улсад 105 иргэний мэдээлэл авч, эмзэг бүлэгт тооцогдох 48 иргэнд тусгаарлах байрны зардал болоод тийзний зардлыг өгөхөөр ажиллаж байна.