Алтанбулагт халдвар бүртгэгдсэн гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

-Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөнө-

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг аймгийн Засаг дарга Ш.Оргил өгөв. 

Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан “Эрүүл бүс нутаг”-ийг баталгаажуулах зорилготой Сүхбаатар сумын өрх бүрээс 1 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулсан ажлын үр дүн гарч, шинжилгээ өгсөн 4649 иргэдийн PCR-ийн шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарлаа. PCR-ийн сорьц өгсөн иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан нь иргэн таныг шинжилгээ өгөх мөчид л халдваргүй байгааг тодорхойлсон баримт гэж ойлгоорой. Энэ нь халдвар авахгүй гэсэн баталгаа биш гэдгийг хүн бүр ухамсарлах ёстой.

Өнөөдөр Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Энэ таван тохиолдол 14-21 хоногийн өмнө сэжигтэй гэж тооцон тусгаарлалт, хяналтад аваад ажиглаж байсан иргэд байна. Нэг гэр бүлийн гурав, өөр нэг гэр бүлийн хоёр гэсэн нийт таван хүний давтан шинжилгээг 14-21 хоногт 3-4 дэх удаагаа авахад халдвар илэрлээ.

Бодит нөхцөл байдал ийм байгаа учир иргэд та бүхэн улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед аль болох гэртээ байж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ мөрдөж, иргэн бүр иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.

Өнөөдрөөс эхлээд улсын хэмжээнд хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр үлдэж, Улаанбаатар болон бусад орон орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байна.

Энэ хоёр сумын иргэд урдын адил гэр гэртээ байх иргэний үүргээ биелүүлж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Сүхбаатар, Алтанбулаг сумдад ирээд хөл хорионд орсон Улаанбаатар болон бусад орон нутгийн иргэдийг нутаг руу нь буцаах хүсэлтийг бид УОК-т байнга тавьж, ойлгуулж, асуудлаа танилцуулснаар энэ асуудал шийдвэрлэгдэж байна.

Өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн шат дараатайгаар үндсэн засаг захиргаа руу нь буцаахаар бэлтгэж байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснуудаас авч болно.
 

  • Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга - 99094966
  • АТҮТөвийн Сэлэнгэ дахь авто тээврийн газрын дарга Ж.Батцогт - 99010091
  • Аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Н.Мөнхбат - 99088950


Цахим сүлжээгээр зарим иргэд олон нийтийг сандаргасан буруу ташаа мэдээлэл гаргаж байна. Арванхоёрдугаар сарын 13-ны орой нэгэн этгээд вирусний тохиолдол Алтанбулаг суманд гарсан мэтээр олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулж, Алтанбулаг сумынхныг цочирдууллаа. Коронавируст “Ковид-19” цар тахалтай холбоотой албан ёсны баталгаажсан мэдээ, мэдээллийг аймгийн Онцгой комиссоос өдөр бүр нэг сувгаар иргэд та бүхэндээ хүргэж байгаа.

Иймд Сэлэнгэчүүд та бүхнийг аймгийн Онцгой комиссоос албан ёсоор мэдээлээгүй, баталгаагүй, цар тахлын талаарх цахим орчинд олон нийтийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээ, мэдээлэлд автахгүй, түгээхгүй байхыг хүсье. Бид иргэдээсээ мэдээ, мэдээллийг нууцлах шаардлагагүй бөгөөд харин бодит нөхцөл байдлыг тогтмол мэдээлэн ажиллаж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 18 тохиолдол эмчлүүлж байгаа бол аймгийн хэмжээнд нийт 13 байршилд 120 иргэн тусгаарлах байранд хяналтад байна" гэлээ. 

Top