ЭМЯ I Халдвар авсан эмч, сувилагч, ажилчдын тоо 41 хүрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

-А.Амбасэлмаа: Нийт 41 эмч, ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн-

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос аравдугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж байжээ. 

Ажлын хэсгийн гишүүд өчигдөр (2020.12.15) Коронавируст (Ковид-19) халдвараар өвчилсөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг цахимаар сонсож, нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуралдлаа.

Уг цахим хурлыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ нар эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, ажлын нөхцөл байдал, эрсдэл, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манай улсад төдийгүй дэлхий дахинд Коронавируст (Ковид-19) халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийн асуудал тулгамдаж байна. Одоогийн байдлаар Монголд нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гаргасан таван зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Шаардлагатай авах арга хэмжээний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн. Тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, барилга, өрөө тасалгааны дулаалгын асуудал байгаа. Сүүлийн үед цахим сүлжээгээр иргэдийн дунд ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл түгээх хандлага гарч байгаа нь эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаварыг үүсгэж байна” гэлээ. 

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд PCR шинжилгээнд нийт иргэдийг хамруулах шаардлагатай эсэхийг асуухад "Тандалт хийх байдлаар шинжилгээ хийх нь эдийн засаг болоод илрүүлэлтийн хувьд үр өгөөжтэй" гэж ХӨСҮТ-өөс хариулав.

Ажлын хэсгийн гишүүд эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутмаг байгааг анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулж тулгамдаж буй асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх, шинжилгээний аппарат, хүний нөөцийг нэмэгдүүлж бэлтгэл ажлаа хангах талаар ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өгчээ. 

 

 

 

Top