ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.16/ ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12711 хүнд шинжилгээ хийсэн. Сэлэнгэ аймагт нэг хүнээс коронавирус илэрч, тус аймагт батлагдсан тохиол 216 боллоо. Орхон ес, Дархан-Уул аймагт 13 хоногийн хугацаанд шинээр коронавирусний тохиолдол бүртгэгдсэнгүй. Одоогоор батлагдсан тохиолдол 918 болж байна. Эдгээрийн 384 нь эдгэрсэн.
Өвчтөнүүдэд хуурай ханиах, хамар битүүрэх, бие зарайх, амт үнэр мэдрэхгүй байх, зарим үед нусгайрах шинж тэмдэг илэрч байна. Эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь 30-40 насныхан байгаа.
Дотоодод кластер халдвар бүртгэгдсэнээс хойш 1440 ойрын хавьтлыг тусгаарласан. Үүнээс 906 хүнийг ажиглалтын байрнаас гаргаад байна. Одоо 534 хүн нэг, хоёр, гурав дахь шинжилгээгээ хийлгээд байж байна.
Халдварын эсрэг 2450 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хөршид халдвар нэмэгдсэн байдал
Сүүлийн үед тусгаарлагдсан тохиолдлын ар гэр рүү янз бүрээр дайрах тохиолдол гарч байна. Нэгэнт дэлхий дахинд КОВИД тархсан тул өвдсөн нэгнээ хэзээ ч буруутгаж болохгүй. Харин хувь хүн өөрөө хариуцлагатай, өөрийгөө хамгаалах чадварыг эзэмшсэн байх ёстой. Аль болох гэртээ хүн урихгүй, өөрөө айлд очихгүй, хүний бөөгнөрөлөөс сэргийлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.